Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүлийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийн хамгийн чухал асуудал болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхлээд байгаа. Түүхэн бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7-р хорооны нутаг дэвсгэр дэх “Ханын материал” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гүйцэтгэх “Хера холдинг” ХХК-ийн ажлын эхлэл, шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд болон төсөл хэрэгжүүлэгч компанийн удирдлагууд, тухайн хорооны иргэний төлөөллүүд оролцсон юм. СХД-ийн 5, 6, 7-р хорооны нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн 75-аас дээш хувь нь төсөл хэрэгжүүлэхийг бүрэн дэмжсэнээр ийнхүү ажлаа эхэллээ. Нийт 240 иргэнээс 191 - тэй нь тохиролцоонд хүрч, 3 талт гэрээ хэлэлцээр хийсэн бол үлдсэн иргэдтэй тохиролцох шатандаа явж байгаа юм. Өнөөдөр СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 40,1 га газрын эзэн8 айлыг түр орон сууцанд оруулан газрыг нь чөлөөлснөөр үйлчилгээний төвтэй, 3 блок 9 давхар орон сууц барих ажлыг эхлүүлэн, ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төсөл хэрэгжүүлэгч “Хера холдинг” ХХК нь нийт 130 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх бөгөөд амины тохилог орон сууц, энгийн орон сууц, үйлчилгээний төв, ногоон байгууламж, дугуйн зам, явган хүний зам, тоглоомын талбай, кинотеатр, сургууль, цэцэрлэг гээд нийгмийн бүх асуудлыг нь цогцоор шийдвэрлэнэ. Шав тавих ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн хамгийн их гэр хороололтой дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхэлж байгаад таатай байна. Энэ төслийг хэрэгжүүлэхээр иргэдээс өндөр дэмжлэг авсан “Хера холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн төслийг хамтдаа хэрэгжүүлэхээр зориг гаргасаниргэддээ баярлалаа. Өнөөдөр ийнхүү албан ёсоор эхэлж байгаа бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, тохилог, тав тухтай, агаар, хөрсний бохирдолгүй, сайхан амьдрах цаг ойртож байна гэдэгт итгэлтэй байна” гэж онцлон хэллээ. Харин тус хорооны иргэдийн төлөөлөл “Түүхэн бүтээн байгуулалтын ажлын анхдагчид болж байгаадаа бид баяртай байна. Ирэх жил гэхэд үйлчилгээний төвтэй тохилог орон сууцандаа орж, утаагүй агаараар сэтгэл амар амьсгалдаг болно. Энэ бол бидний олон жил мөрөөдөж, хүсэж байсан мөрөөдөл минь юм. Төсөл хэрэгжүүлэгч компанидаа амжилт хүсье” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.