Хил хамгаалах байгууллага, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай 2013-2016 оныг хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зургадугаар сарын 18-ны өдөр хилчдэд гал унтраах төхөөрөмжийг тус яамын сайд, бусад төлөөлөгчдийн хамт ХХЕГ-т хүрэлцэн ирж, хүлээлгэн өгөв. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд, хатагтай С.Оюун эдгээр хэрэгслийг өөрийн биеэр хүлээлгэн өгөхдөө, эх орныхоо халдашгүй дархан байдлыг сахин ажиллаж буй нийт хилчдэд ажлын амжилт хүсэн ерөөсөн юм. Таван нэр төрлийн 30 гаруй сая төгрөгийн ус нөөцлөх сав, үүргэвчтэй гал унтраагуур, ус шүршигч зэрэг 80-аад ширхэг хэрэгслийг ийнхүү хилчид хүлээж авлаа. Эх орны хилийн дагуу болон хил дамнан ой, хээрийн түймэр их гардаг учраас халдашгүй дархан байдал, онгон байгалиа хамгаалах үүрэгтэй хилчдэд энэхүү гал унтраах төхөөрөмжүүд нь нэн хэрэгцээтэй юм. Дашрамд сонирхуулахад манай оронд 2013 оны хаврын байдлаар 120 гаруй түймэр гарч, 2.2 сая га газар шатсан статистик тоо гарчээ.