Хэдхэн хоногийн өмнө Гудамж төслийн анхны ажил болох Өргөө кинотеатрын урдах уулзварыг 4 замын уулзвар болгон шинэчилсэн нь иргэдийн талархлыг хүлээгээд байсан бол өнөөдөр тус төслийн дараагийн бүтээн байгуулалт ийнхүү ашиглалтанд орж байна.
Дэд бүтэц болон бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулалт хийх нь төр засгийн зүгээс эдийн засгийг тэтгэх хамгийн сонгодог арга төдийгүй бизнесийн орчинг сайжруулах, тээврийн зардлыг багасгах болон ажлын байр нэмэгдүүлэх олон давхар ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг төслийн санаачлагч, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр онцолсон юм.
Улаанбаатар хотын хамгийн их осол гардаг газрын нэг, “Эр зоригийн тойрог” хэмээгддэг байсан Саппорогийн тойргийг 4 замын уулзвар болгон өөрчилснөөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй тус уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэлийг багасгах ач холбогдолтой гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Гудамж төслийн хүрээнд ийнхүү олон жилийн туршид орхигдоод байсан хот төлөвлөлтийн асуудалд анхаарч, бага зардлаар илүү их үр дүнд хүрэх ухаалаг шийдэл боловсруулан хотын төлөвлөлтийг сайжруулж, замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах зорилт тавин хэрэгжүүлж байна.
Чингис бондын хөрөнгөөр санхүүжиж эхэлсэн Гудамж төсөл нь иргэдэд таатай амьдрах орчин бүрдүүлэхийн сацуу хотын дэд бүтцийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц хөтөллбөр юм. Төслийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын оновчгүй зохион багйуулалттай 33 уулзварыг шинэчлэн засварлаж, замын хөдөлгөөнийг ойлгомжтой, түргэн шуурхай, саадгүй болгохыг зорьжээ.
Улмаар гэр хороололд инженерийн дэд бүтэц, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий үлгэр жишээ гудамжуудыг бий болгох, мөн олон улсын стандарт бүхий хурдны зам барих гэх зэрэг Улаанбаатар хотын дүр төрхийг бүхэлд нь өөрчлөх өргөн цар хүрээтэй олон ажил төлөвлөж байна.