-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн танилцуулга-
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурлын 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн чуулганы хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан.
Энэхүү хуулийг 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дагаж мөрдөх юм.
Хуулиуд батлагдсанаар импортоор авч байгаа мод, модон материалын нэмэгдсэн өртгийн албан татвараас олох орлого бага учир төсөвт сөргөөр нөлөөлөхгүй. Харин хууль батлагдаж импортын хэмжээ нэмэгдсэнээр модны үйлдвэрлэлийн жигд ажиллагаа хангагдахын зэрэгцээ орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төсөвт оруулах орлогын хэмжээ нэмэгдэн, ажлын байр шинээр бий болж нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаврыг авчирна гэж үзэж байна.
Төсвийн байнгын хорооны референт Ц.Батбаатар