logo
“Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн” болж байна

“Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн” болж байна

2013/06/20
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэйгээр “Халдварын сэргийлэлт, хяналтын үндэсний анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр ЭМЯ дээр эхэллээ. 

Тус зөвлөгөөнд ХБНГУ-ын Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга У.Флах болон ХБНГУ-ын Элчин сайдын яам, Эссэн хотын Их сургуулийн эмнэлгийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон юм. Мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл болон Глобаль сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЭМШУИС-иас нийт 170 орчим зочид, төлөөлөгчид оролцож байна. 

Зөвлөгөөнийг нээж салбарын Дэд сайд Ж.Амарсанаа “Бид харилцан бие биенээ ойлгож, дэмжин хамтын хүчээр ажиллаж чадвал Эмнэлгээс шалтгаалсан халдварыг эрт илрүүлэх, байнгын тандалтаар цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх тогтолцоог бэхжүүлсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар улам сайжирна гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийллээ.

Мөн энэ үеэр Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд эмчлүүлэгсэд болон эмнэлгийн ажиллагсад, тэдгээрийг эрсдлээс сэргийлэх арга хэмжээнд хүн бүрийн оролцоог дэмжиж, тусгаарлалт, ариутгал, халдваргүйтгэл, тархвар судлалын тандалт, хяналтыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар онцолж байсан юм.

Зөвлөгөөнөөр “Эрүүл мэндийн байгууллагуудын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 165 тоот тушаалын хэрэгжилт, эмнэлгээс шалтгаалсан халдварын хүн амын эрүүл мэнд, улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд нөлөөлж буй нөлөөллийг бууруулах, нянгийн эсрэг эм бэлдмэлийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, лабораторийн оношилгооны чадавх, тандалт, бүртгэл мэдээллийг сайжруулах, шийдвэр гаргагчид болон эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг тулгамдаж буй олон асуудлыг үндэсний хэмжээнд хэлэлцэж байна. Тус зөвлөгөөн маргааш хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш