Монголын эрчим хүчний идээдүйн талаар асуухаар Монголын урдаа барьдаг эрчим хүчний мэргэжилтний нэгтэй уулзлаа. Түүнийг Б.Бямбасайхан гэдэг. 50 мВт-ын хүчин чадалтай, Монголын хамгийн анхны салхин паркийг байгуулсан “Клин энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан хүн. Тэрбээр 2004-2010 онд Азийн хөгжлийн банкинд эрчим хүчний хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр ажиллаж, Казахстан, Кыргызстан, Пакистан, Тажикстан, Узбекистанд хэрэгжүүлж байсан олон төсөлд оролцож явсан туршлагатай нэгэн. 2009 онд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд зориулж төрөөс санхүүжүүлсэн дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын (1.26 тэрбум ам.доллар) зээлийн гэрээг байгуулж, 2010 онд Төв Азийн хамгийн анхны 900 мВт-ын хүчин чадалтай, хос ажиллагаатай хийн турбиний цахилгаан станцын санхүүжилт болох 1.3 тэрбум ам.долларын хөрөнгийг амжилттай шийдэж байсан юм билээ.
-Эрчим хүчний мэргэжилтний хувьд та УЦС-ын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Юуны өмнө эрчим хүч гэдэг бол зөвхөн цахилгаан биш, бас дулаан гэдгийг хэлэх ёстой. Манай улс цахилгааны болон дулааны эрчим хүчний дутагдалд ороод байгаа. УЦС бол эрчим хүч гаргаж авах нэг арга мөн л дөө. Гэхдээ Монгол Улсын хувьд нар, салхи бол хамаагүй илүү ирээдүйтэй, байгаль орчинд хоргүй, эдийн засгийн хувьд боломжтой зөв арга зам. “Салхит” салхин цахилгаан станц одоо ашиглалтад орж байгаа. Энэ төсөл бүтэхгүй гэж бодож, хэлж байсан хүн олон. Тэд үр ашгаа өгөөд эхлэхээр нь салхин цахилгаан станцын талаарх бодлоо өөрчлөх биз дээ.
-Салхин цахилгаан станцаас гарах нэгж эрчим хүч бидний одоо хэрэглэж байгаа нүүрсний цахилгаан станцаас гарах эрчим хүчний тарифаас хамаагүй өндөр үнэтэй гэж сонсож байсан, үнэн үү?
-Илүү үнэтэй гэж хэлж болохгүй ээ. Аливаа зүйл эхэлж байхдаа өртөг өндөртэй байдаг. Гуч, дөчин жилийн өмнө баригдсан цахилгаан станцууд анхны хөрөнгө оруулалтаа аль хэдийнэ нөхчихсөн, одоо үйл ажиллагааныхаа зардлыг л тооцоод явж байгаа. Салхи, нар, усны алийг нь ч ашигласан бай, шинэ технологи болохоор одоо байгаа цахилгаан станцуудтайгаа харьцуулах аргагүй. Их харьцангуй тоо, баримт гарна. Харин салхин цахилгаан станцыг бусад сэргээгдэх эрчим хүчний болон нүүрсний шинэ цахилгаан станцтай жиших юм бол ойролцоо үнэтэй, бүр заримаас нь ч хямд шүү дээ. Нарнаас гарах эрчим хүч ч гэсэн боломжийн. Нарны энергээс эрчим хүч гаргаж авах хэрэгслүүдийн чанар сайжирч, үнэ нь буурч байна. Ер нь одоогийн байдлаар дэлхийд суурилагдаад байгаа нийт нарны цахилгаан станц 100 гВт гаргадаг бол салхин цахилгаан станц 270 хүртэл гВт-ыг үйлдвэрлэдэг юм.
-Салхи, нарны цахилгаан станц анхныхаа хөрөнгө оруулалтаа нөхт өл төрөөс тарифын зөрүүг нь ард иргэддээ бэлэн мөнгөөр өгч, дэмжиж болно биз дээ?
-Зөв зүйлээ дэмжих нь зөв байлгүй яахав. Бизнест засаг, төр хөндлөнгөөс оролцоод байх хэрэг нэг их байдаггүй л дээ. Гэхдээ улсын эдийн засаг, байгаль орчинд хамаатай болохоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар энэ төрлийн бизнесийг дэмжиж байгаа. Чиний хэлж байгаа зөв. Хувийн хэвшлийнхэнд алдагдлыг нь төрөөс өгч байснаас хэрэглэгчдийнх нь гар дээр өгчихвөл хүмүүс ядаж эрчим хүчээ хэмнэж сурна. Бэлэн мөнгөө үрэхгүйгээр оронд нь цахилгаанаа хэмнэхийг бодно биз дээ. Өнөөдөр манайд эрчим хүчний тариф харьцангуй хямд байгаа болохоор хэмнэлтийн талаар нэг их ярьдаггүй. “Energy Intensity” буюу нэгж дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэр хэмжээний эрчим хүч зарцуулж байгааг харуулдаг судалгаанаас харахад манайхан эрчим хүчээ хэмнэж сураагүй нь илт мэдэгдэнэ. Жишээ нь, нэг сая ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Монгол 334.5 тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Гэтэл энэ тоо Японд 154, АНУ-д 191.1 байх жишээтэй. Бид баялаг бүтээхдээ эрчим хүчийг ингэж хамаагүй зарлагадаад байвал бүтээгдэхүүний үнэ дэлхийн жишгээс төдийчинээ өндөр байна гэсэн үг.
-Монголын эрчим хүчийг салхиар бүрэн хангах боломж бий юү. Хэтийн ирээдүйд Зүүн Азийг хүртэл эрчим хүчээр хангах боломжтой гэж сонссон.
-2020 он гэхэд Монгол Улсын нийт эрчим хүчний 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангахын төлөө бид ажиллаж байгаа. Зүүн Азийн эрчим хүчний томоохон нийлүүлэгч болох боломж Монголд бий. Энэ бол зөвхөн нэг хүний биш, нэг компанийн биш, Монгол Улсын хэтийн зорилго, төлөвлөгөө. Салхиар 100 хувь эрчим хүчээ хангана гэвэл эрсдэлтэй. Учир нь аль ч сэргээгдэх эрчим хүч байгаль дэлхийгээс шууд хамааралтай байдаг. Харин бид энэ их нүүрсээ байгаль орчинд хоргүй хий болгодог хийн турбиний цахилгаан станц барьж ашиглах юм бол салхиар эрчим хүчний хэрэглээнийхээ дийлэнх хувийг хангах бүрэн боломжтой. Манайх өөрсдийн гэсэн хийн турбиний цахилгаан станцтай болох боломж бий. Хайгуул, шинжилгээний эрсдэл нь хүмүүсийг мохоодог байх.
Хоёр дахь Камерун болох уу?
Монгол Улсыг эрчим хүчээр бялхуулах айхтар том амлалттай боссон УЦС-уудын одоогийн байдлыг харъя. Далантай УЦС байгаль орчин, эдийн засгийн хувьд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дотроо хамгийн муу сонголт гэдэг нь хэнд ч тодорхой болоод байна. 100 мянган айлыг эрчим хүчээр хангах “Салхит” салхин цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 122 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн цэвэр ус хэмнэж, 18 мянган га газарт мод тарьсантай адил үр дүн авчирна.
Манай нар, салхи хэмжээний хувьд ширгэж, хатаж алга болдог уснаасаа бага баймааргүйсэн. Зөвхөн Өмнөговьд л гэхэд л 9.0 гВт нарны эрчим хүч, 3.0 гВт салхины нөөц байгаа гэдэг. Монголд жилийн 365 хоногийн 300 нь нартай байдаг. Гэтэл яагаад Сэлэнгэ, Байгалийг боох “Шүрэн УЦС” хэмээх төслийг зүтг үүлж, Орхон гол дээр 840 тэрбум төгр өгөөр УЦС барих гээд зөрүүдлээд байна вэ?!? Бүтэхгүй нь дахин дахин нотлогдсоор байгаа УЦС-д биш, үр ашгаа нэгэнт өгөөд эхэлчихсэн салхин цахилгаан станц юм уу, нарны цахилгаан станцад хөрөнгөө зориулах ёстой юм биш үү?
“Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төсөл” гэж нэрлэгдээд байгаа уг УЦС-ууд эрчим хүчний гачигдал, дутагдал нь гамшгийн байдалд хүрсэн Камерун улсыг эрхгүй санагдуулна. Камерун усны нөөцөөрөө Монголтой бараг адил. Гэвч төр, засаг нь УЦСаар эрчим хүчээ хангах шийдвэрийг гаргаад нэлээд хэдэн жилийг үдэж байгаа. Улсынх нь нийт эрчим хүчний 95 хувь ус буюу бороо хураас хамаардаг. Тиймээс тус улсын хөдөө дэх нийт хүн амын 80 хувь нь дулаан, цахилгаангүй амьдарч байна. Гэсэн хэдий ч газар нутгийг нь цөлжүүлж, хүн амыг нь тарчлааж, эдийн засгийг нь хямруулсан УЦС-ыг Засгийн газар нь бодлогоор дэмжсэн хэвээр.
Ард түмэн, эх орноос нь илүү ашиг УЦС-аас засаг, төрийнхөнд нь олддог бололтой. Энэ улсад хэд хэдэн жилийн зайтай баригдах УЦС-уудын сүүлчийнхийг нь “Рио Тинто”-гийн харьяа “Алкан” компани идэвхтэй дэмжиж байгааг энэ дашрамд дуулгая. УЦС-аас гардаг өчүүхэн хэмжээний эрчим хүчнийх нь тал хувийг “Алкан” хөнгөлөлттэй үнээр зооглодог юм билээ. Энэ мэтийн гашуун туршлагаас суралцаж, зөв жишгийг дагах нь Монголын ирээд үйд хамаатай.
Б.НОМИНТҮШИГ