Засгийн Газраас нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд “Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн 2-р үе шатыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл нь 2010-2013 онд үргэлжилж, агаарын чанарын хяналт шалгалтыг сайжруулах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, орчин үеийн нарийн мэдрэмжтэй багаж хэрэгслүүд дээр ажиллуулах зорилгоор хэмжилтийн технологи эзэмшүүлж,агаарын чанарын салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэсэн юм. Одоо үргэлжлэх гэж байгаа төслийн 2-р үе шат нь өмнөх төслийн үр дүнд тулгуурлан агаарын бохирдлын эх үүсвэрүүдийг нарийвчлан судалж, агаарын бохирдлын хяналтын олон улсын түвшинд хүрсэн шинэлэг тогтолцоог нэвтрүүлэх зорилготой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.