logo
Хотын захиргааны шинэ цогцолборыг “Ханын материал”-д барина

Хотын захиргааны шинэ цогцолборыг “Ханын материал”-д барина

2013/06/20
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх  шийдвэрийг Нийслэлийн удирдлагууд гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дагуу Сонгинохарйхан дүүргийн 6-р хорооны 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолын ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцсон юм.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шав тавих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Шинэ Улаанбаатарын дүр төрхийг илэрхийлсэн томоохон бүтээн байгуулалтууд ар араасаа хөвөрсөөр байна. Бид ойрын 4 жилийн дотор гэр хорооллыг тохилог амины орон сууц бүхий хороолол, хотхон болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж, эхний бүтээн байгуулалтын ажлууд эхлээд байна. Ирээдүйд олимпийн хот болох шинэ Улаанбаатарын төвийг бид нийслэлийн хамгийн их хүн амтай СХД-ийг сонгон барихаар төлөвлөлсөн нь санамсаргүй хэрэг биш юм. Баянхошууг бид 200 000 хүн ам амьдрах хотын дэд төв болгон хөгжүүлж, дэд бүтэц болон нийгмийн үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхээр зорьж байна”  гэлээ.
 
Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн 4 блок барилгаас бүрдэх бөгөөд гадна орчны тохижилтыг нь давхар шийдэх юм. Хоёр жилийн дараа Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу олны нэрлэж заншсанаар “Ханын материал”-ын буурин дээр хотын захиргааны шинэ цогцолбор ашиглалтад орох юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш