Өвөрхангай аймаг нь 3 сая гаруй толгой малтай, мал сүргийн өсөлтөөр аймгуудаас эхний байруудыг эзэлдэг. Мал хувьд шилжсэнээр олон сайн үр дагавар авчирсан ч үржлийн бүртгэл, селекцийн ажил орхигдсоноос тус аймгийн тухайд байгалийн гамшиг, ган, зуд турхнаас үүдэлтэйгээр олон тооны мал хорогдож, ялангуяа хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдан үржүүлэг, селекцийн үр ашиг буурч, цус ойртсон болон үржлийн шаардлага хангахааргүй малын тоо олширч байгаа талаар УИХ-ын даргыг дагалдан яваа Мал, аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх хэлж байлаа. Иймд дээрх төслийн хүрээнд тус аймгийн сумдад Дорнод аймгаас “Барга” үүлдрийн 272 хуц, Архангай аймгаас шилмэл омгийн 50 сарлагын бух, мөн Дорнод монголын 28 бух, 842 шилмэл хуцыг үндсэн сайжруулагчаар ашиглаж байгаа аж.
Энэхүү төслийг хөдөөгийн малчид сайн төсөл болж, үр дүнгээ өгсөн гэдгийг хэллээ. Харин зарим сумдад хуцаа буцааж тушаагаагүй, үрэгдүүлсэн зэрэг алдаа дутагдлууд гарчээ. Зарим малчид хамуутай, хөгшин хуц ирсэн гэсэн гомдлыг ч тавьж байв. Энэ талаар УИХ-ын дарга “Ийм төсөл хэрэгжүүлсэн нь буруу биш байх. Харин сумдын удирдлагууд болон мал үржлийн тасаг, малчид өөрсдөө авчраад өгсөн бух, хуц, ухнаа тэжээж маллаад малын үржил шимээ сайжруулах ажлыг зохион байгуулах ёстой” гэдгийг хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд Бүрд сумын иргэд сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонссоны дараа тус сумын хоёрдугаар багийн нутагт байрлах “Боригдой” усалгааны системтэй танилцсан юм. Энэ усалгааны системийг хоёр жилийн өмнө “Усны барилга” гэдэг дотоодын компани тендерт шалгарч байгуулсан боловч өнөөдрийг хүртэл ажиллаагүй тухай сумын Засаг дарга Б.Очирсүх хэллээ.
Учир нь 152 метр усалгааны системийн удирдлагын хайрцагнаас усаа татахаар ус нь ирдэггүй, усны далан, суваг нь сэтэрсэн гээд 250 сая төгрөгийн өртөг бүхий техникээ хоёр жил ашиглаагүй байна. УИХ-ын дарга үүнд шүүмжлэлтэй хандаж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг энэ асуудлаа цэгцэлж, тоног төхөөрөмжийг нь буцааж өгөөд, өөр газартай хамтарч ажиллах үүрэг өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.