Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны урт хугацаат зээлийг арилжааны банкууд иргэдэд олгож хэдхэн хонож байна. Гэтэл чоно борооноор гэгчээр зарим барилгын компаниуд барилгынхаа үнийг нэмээд эхэлжээ. Энэ талаарх санал, гомдолдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд олноор өгч эхэлжээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзсан 30 минутынхаа ярианд "Засгийн газартай 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, бага хүүтэй зээл авсан барилгын компаниуд орон сууцныхаа үнийг үндэслэлгүйгээр нэмбэл гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэсэн юм. Засгийн газартай гэрээ байгуулсан барилгын компаниудын хувьд зөвхөн зээл бага хүүтэй аваад зогсоогүй дэд бүтэц татахад нь төрөөс дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Энэ оны хувьд 30 мянга гаруй айлын орон сууц ашиглалтад орох судалгаа гарсан байна. Өнгөрсөн оны хувьд 11 мянган айлын орон сууц ашиглалтад орж байсан. Түүнтэй өнөө жил ашиглалтад орох орон сууцны тоо гурав дахин өссөн үзүүлэлт харагдаж буй болохоор нийлүүлэлт тал дээр асуудал үүсэхгүй. Хямд үнэтэй орон сууцны эхний хэсэг ирэх намар ашиглалтад орно.