Өнөөдөр /2013.06.20/ “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ, Оросын Евроазия болон Английн Ашмор групптэй “Шинэ төмөр зам” төсөлд хөрөнгө оруулалт хийх асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг зурлаа. Санамж бичиг зурахад Зам тээврийн сайд А.Гансүх, Дэлхийн шатрын холбооны Ерөнхийлөгч бөгөөд Евроазия финанс компанийн Ерөнхийлөгч ноён Кирсан Илюмжинов нар тус тус байлцлаа.
Ашмор болон Евроазия групп нь Зам тээврийн яамнаас зарласан Монгол Улсад шинээр барих төмөр замын олон улсын нээлттэй тендерт оролцон хураангуй жагсаалтад шалгарч үлдсэн хөрөнгө оруулагчдын нэг юм байна.
“Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компани нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолд заасны дагуу Шинэ төмөр зам төслийг барих тусгай зөвшөөрлийг авсан бөгөөд одоогийн байдлаар хуулийн, санхүүгийн болон техникийн зөвлөхүүдээ авч төслийг боловсруулах шатны ажлыг хийж байгаа болно.
Энэхүү шинэ төмөр зам төсөл хэрэгжсэнээр Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээл дээр борлуулах боломжтой болохын зэрэгцээ Монгол Улс төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох юм.