УИХ-ын дарга Монголд анх удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга айлчилж байгаад талархал илэрхийлээд 67 дугаар Ерөнхий Ассамблейг амжилттай даргалж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшилд тустай олон чухал тогтоол шийдвэр гаргаж буйд баяр хүргэлээ. Тэрбээр ярианыхаа эхэнд НҮБ-ын 67 дугаар Ерөнхий Ассемблейгаар манай улсын хэлэлцүүлж батлуулсан “Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай” цөмийн зэвсэгтэй 5 гүрний хамтарсан Тунхаглал болон Монгол Улсын Тунхаглал, мөн Ардчиллын боловсролын асуудлаархи “Хамтын нийгэмлэгийн ололт амжилтууд ба дэлхийн сорилтууд” Тунхаглалын ач холбогдлыг цохон тэмдэглэлээ.
Ноён Вук Еремич Монголд мөн анх удаа ирж байгаадаа баяртай байна гээд Монгол Улс дэлхийн хариуцлагатай иргэн байж, гишүүн орнуудын дундаас НҮБ-ын үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй байр сууринаас оролцож байгаад талархаж байна гэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргын ажлыг хүлээн аваад Монгол Улстай хамтран гаргасан тогтоолууд нь түүхэн ач холбогдолтой бичиг баримтууд болсон нь Монгол Улсын нэр хүнд дэлхийд өсөж, дэлхий нийт Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, хүндлэл үзүүлж буйн илрэл болсон хэмээн ноён Вук Еремич хэлээд олон улсын түвшинд олж буй энэ амжилтад танай ардчилсан Ерөнхийлөгчийн тууштай санаачлага, манлайлал чухал нөлөөтэй байсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна гэлээ. Танай Ерөнхийлөгч бид нар Харвардын Их Сургуулийн нэг үеийн оюутнууд. Манай төгсөлтөөс ганцхан Ерөнхийлөгч төрөн гарсан нь өнөөдөр миний айлчлан ирээд байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нь “нэг сургуулийнхны” хувьд над үнэхээр бахархууштай санагдаж байна гэж тэрээр нэмж хэлсэн юм.