logo
Н.Алтанхуяг: Нисэхийн цагаан хаалганы хойно сүндэрлэх орон сууц хамгийн хямд үнээр зарагдана

Н.Алтанхуяг: Нисэхийн цагаан хаалганы хойно сүндэрлэх орон сууц хамгийн хямд үнээр зарагдана

2013/06/22
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулздаг ээлжит 30 минутын яриа, асуулт хариултаа өчигдөр төрийн ордны “А” танхимд явуулсан юм. Түүний сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд ямар ажил амжуулсан бэ?

-Хөвсгөл, Төв гэсэн хоёр аймагт ажиллалаа. Сэтгүүлчид нэлээн  өргөн бүрэлдэхүүнтэй явж газар дээрээс нь сур­валжилсан байгаа.
Төв аймаг бол хөгжлийн төв бүс болох дүр зураг харагдаж байгаа. Их Майдар цогцолбор, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал гээд томоохон төсөл, хөтөлбөр хэ­рэгжиж эхлээд байгааг та бүхэн мэдэж байгаа. Орон сууц­ны томоохон хорооллыг бас дурдаж болно. Хөвсгөл аймагт ажиллаж явахад орон нутгийн хөгжлийн санд өгсөн мөнгөний зарцуулалтын хя­налтыг сайжруулах хэрэгтэй нь анзаарагдсан.
Мөн Төрийн ямар ч үйл­чилгээг иргэдэд шуурхай хүр­­гэж хүнд суртал, хээл ха­хуу­лийг устгах зорилготой Тө­­­­рийн  үйлчилгээний 57 шир­хэг  автомат машиныг ажилд оруул­лаа. Ер нь бол Ерөн­хий  сайдын багцын 50 тэрбумаас хоёр  тэрбумыг гар­ган дахиад 120 ширхэг цахим машин худалдан авах тендер удах­гүй зарлагдана.
Өнгөрсөн долоо хоногт ам­жуул­сан  бас нэгэн чухал ажил нь Засгийг газрын хурал­даа­наар “Олуулаа болох хууль”-ийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Одоо төрсөн эхчүүд таван сар 40 мянган төгрөг авч байгаа. Үүний хугацааг  нэмэгдүүлэн  хоёр жил болгоод, сар бүр 80 мянган  төгрөг  өгөхөөр  өөрчлөлт оруулж байгаа.
Хэрэв гурав дахь хүүхэд нь гарвал одоо авч байгаа 80 мянгыг нь 120 мянга болгож нэмэгдүүлье гэж байгаа. Одоогийн байдлаар жирэмсний сүүлийн таван сард 40 мянган төгрөг өгч байгаа. Үүнийг ч нэмэгдүүлж 80 мянга болгоно. Ингэснээр бид “Олуулаа болох хууль”-тай болж байгаа юм. Энэ хууль 2014 оны эхнээс хэрэгжээд явах бололцоотой.

-Найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөр болох 30 хувьд нь иргэд хашаа, бай­­шин­гаа тавих ихээхэн со­нир­холтой байгаа ч арил­жааны банкууд зөвхөн орон сууц барь­цаална гэсэн бол­зол тавиад байгаа. Үүнийг уян хатан ший­дэх бо­лолцоо байх­гүй юу?

-Найман хувийн зээлийн урьдчилгаа төлбөрт хуучин орон сууцаа барьцаална гэ­сэн журам батлагдаад дөн­­гөж  эхлээд л явж байна. Энэ жур­мыг цааш нь жаахан явуу­лах шаардлагатай байгаа юм. Тэгж байтал амьдрал дээр ямар зохицуулагдаагүй асуудал, хүнд­рэл гарах нь вэ гэдгийг явцын дунд аажуу, уужуу хараад зохицуулалт хийх газарт нь зо­хи­цуулаад явах боломжтой болно. Тэгэхээр одоохондоо хуу­чин орон сууцаа барьцаалах энэ журмыг явуулахаас өөр аргагүй.

-Урьдчилгаа төлбөр 10-30 хувь  байхыг уян хатан байд­лаар зохицуулж болно гээд байгаа. Тэр зохицуулалтыг чу­хам ямар эрх мэдэлтэй, ал­бан тушаалтан хэрэгжүүлэх эрхтэй байх юм бэ?
-10-30 хувийн урьдчилгаа төлбөр бол одоогийн журманд ч байгаа зүйл л дээ. Ер нь яваандаа буюу намраас Засгийн газрын зүгээс урьдчилгаа төл­бөрийн хэмжээ нь нийгмийн зорилтот бүлгүүдэд ямар байх вэ, энэ асуудалд төр, зас­­­гийн дэмжлэг ямар байх вэ гэдгийг тусгайлан ярина. Зуны гурван сар энэ чиглэлээр  ажиллана. Жишээлбэл тогтвор суурьшилтай олон жил ажил­ласан хүмүүсийн тухайд энэ 10-30 хувьд хөнгөлөлт үзүү­лэх боломжтой. Гэхдээ энэ тухай бүхнийг өнөөдөр ярих боломжгүй. Яг энэ асуудлаар ажлын хэсэг гараад ажиллаж эхэлж байгаа. Энэ тухай намраас жич ярина.

-Төрийн орон сууцны кор­пораци хэзээ байгуулагдаж, зорилтот бүлгүүддээ зориулсан хямд үнэтэй орон сууцнуудаа барьж эхлэх вэ?

-Бид  зах зээлд  орсноос хойш нэг чухал  зүйлийг   орхиг­дуул­сан байгаа юм. Түрээсийн болон бусад орон сууцны олон хэлбэрийг алга болгосон нь туйлын буруу үйлдэл болжээ. Одоо бол орон сууцыг зөвхөн худалдаж авдаг тогтолцоо л яваад байгаа. Энэ гажуудлыг арилгах зорилгоор  Төрийн орон сууцны корпорацийг ойрын үед байгуулна. Ажлын хэсэг гараад ажилдаа орсон. Наадмын өмнө бараг байгуулагдчих байх. Энэ байгууллага бол тодорхой хэмжээний газар эзэмшиж  барилгын компаниудаар бай­шин бариулаад нийгмийн зорил­тот бүлгүүдэд хямд үнэтэй орон сууц олгох болон бусад хөнгөлөлт үзүүлдэг, мөн орон сууцны үнийг хөөрөгдөхгүй байх бүх талын зохицуулалт хийдэг байгууллага байх юм.

-Гадаадад ажиллаж байгаа монголчууд эх орондоо ирээд шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ явуу­лах гэхээр ямар ч дэмжлэг байдаггүй учир эргээд л га­дагшаа гарахаас өөр аргагүй болдог гэж ярьцгааж байна. Энэ талаар шинэчлэлийн Зас­гийн газраас ямар бодлого баримтлаж байгаа вэ?

-Гадаадаас эх орондоо ирээд үйлдвэрлэл явуулж байгаа за­луучуудыг манай Засгийн газар 100 хувь дэмжинэ. Жи­шээлбэл АНУ-д чулууны үйлд­вэрт ажил­лаж байсан ах дүү хоёр зээл авч Сонгинохайрхан дүүрэгт чулууны үйлдвэр байгуулаад  амжилттай ажиллаж байна. Сая Төв аймагт ажиллаж байхад Солонгост цутгуурын үйлдвэрт ажиллаж байсан залуучууд цутгуурын үйлдвэр байгуулаад ажиллаж байгаатай танилцаж, тусалж дэмжихээ илэрхийлсэн. Бид юм хийж бүтээж байгаа залуучуудаа бүх талаар дэмжиж, эхний ээлжинд хөнгөлөлттэй зээл олгоно.

-Өнөөдрийн байдлаар Мон­гол Улсын төсөв санхүү, ор­лого, зарлага,  төсөв бүр­дүү­­лэлт  ямархуу байдалтай бай­гаа вэ?

-Монгол Улсын төсвийн байдал тийм сайн биш байгаа ч тэгтлээ муудчихаагүй. Одоогоор төсөв алдагдалтай байна. Нүүрсний үнэ огцом буурсан нь төсөвт мэдэгдэхүйц нөлөөлж байгаа. Өмнө нь олборлосон нүүрснээс өнөөдрийн байдлаар 300 гаруй мянган тонныг гар­гачихаад байна. Цаашдаа ч нүүрсний үнэ олигтой өсөхгүй дүр зураг  ажиглагдаж байгаа. Ер нь цаашдаа зэс, алт, нүүрснээс л хамаардаг эдийн зас­гийг халж, олон салбарт хөгж­лийн тулгууртай болох нь манай  Засгийн газрын тэргүүлэх чиглэл юм.

-Найман хувийн зээл га­раад ирэхээр орон сууцны нийлүүлэлт нь эрэлтээсээ ихээ­хэн хоцорч метр квадратынх нь үнэ талийж өгөх шинжтэй болчихлоо. Энэ асуудлыг хэр­хэн зохицуулах вэ?

-Бид барилгаа дутуу барь­чихаад санхүүжилтгүй  зогс­­чихсон байсан компаниудад зээл олголоо. Мөн цемент, арма­турын төмрийг нь урьдчилан бэлтгэсний хүчинд хямдхан үнэ­тэй материалаар барилгаа барих бололцоо бүрдсэн. Ингэж дэмжээд байхад үнээ нэмэх юм бол тэр компанитай дахин ажиллахгүй, бүх гэрээгээ хү­чингүй болгоно.
Ерөнхийдөө ийм компани монголын барилгын салбараас шахагдана гэсэн үг. Манай үндэсний 17 компани нийлээд Нисэхийн цагаан хаалганы хойно үлгэр жишээ хороолол бариад эхэлчихсэн байгаа. Зөв­­хөн монголчууд өөрийн хү­чээр  барьж байгаа энэ хороо­лол бол бусад компаниудад үлгэр жишээ болох юм. Тэр барилгууд нь хамгийн хямд үнээр энэ намраас зарагдаж эхэлнэ. Зас­гийн газрын урт хугацааны мөрийн хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлт эдэлсэн компаниуд хэлсэн амнаасаа зөрчиж үнээ нэмэх юм бол бид арчиж хаяад л урагшаа явна. Хийж чаддаг, хэлсэн үгэндээ хүрдэг нь манай Засгийн газартай хамтарч ажил­лана шүү.

-Орон сууцны найман ху­вийн зээлд хотын захын дүүр­гүүдийн ядуу иргэд буюу жинхэнэ утаа үйлдвэрлэгчид хам­рагдах ямар ч боломжгүй байна. Эдгээр иргэдийн ха­шааны газрыг шууд нэг өрөө байраар тулах  гэдэг ч юм уу зо­ригтойхон шийдчихэж бо­лохгүй юу?

-Ямар ч улсад ядуу хүн орон сууц худалдаж авах бо­ломжгүй. Нэгдүгээрт ажил хө­дөлмөр эрхэлж ядуурлаас сал­даг болохоос алхайж дээшээ харж хэвтээд байвал ядуу бай­саар л дуусна. Хоёрдугаарт  орон сууцны найман хувийн зээл бол ядуучуудад зориулсан хө­төлбөр биш. Ядуу гээд бай­гаа хүмүүс  ажил хөдөлмөр хий­вэл би байртай болно гэж бо­дох хэрэгтэй. Энэ хөтөлбөр бол ажил хөдөлмөрт уриалан дуудсан, ажилтай орлоготой хүмүүст бололмж, бололцоо ол­госон хөтөлбөр болохоос биш хавтгайрсан халамжийн хө­төлбөр биш.
Ер нь тэгээд ажилгүй, арчаагүй хүмүүсийн толгойг илж ам руу нь хоол дөхүүлж өгөөд байдаг үе ард үлдсэн шүү.

Д.Түвшин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш