logo
Хөдөлгөөнт эргүүлийн автопаркийг шинэчиллээ

Хөдөлгөөнт эргүүлийн автопаркийг шинэчиллээ

2013/06/24
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлд “Киа- Рио” маркын 75 автомашиныг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга болон Цагдаагийн байгууллагын удирдлагууд оролцсон юм. НИТХ-ын дарга ёслолыг нээж “Улаанбаатар хотыг амгалан тайван, иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахад өдөр шөнийг умартан ажиллаж байгаа хөдөлгөөнт эргүүлийн хамт олондоо цоо шинэ автомашинууд гардуулан өгч  байгаадаа баяртай байна. Цаашид цагдаагийн албан хаагчдын ажиллах нөхцөл, бололцоог сайжруулж, хууль сахиулагчдаа дэмжин ажиллана. Шинээр хүлээлгэн өгсөн автомашинуудаа ариг гамтай ашиглаж, ард олноо хамгаалах их үйлстээ амжилт гаргахыг хүсье” гэлээ. Анх 2008 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Хөдөлгөөнт эргүүлийн газар”-ыг 70 автомашинтай байгуулж байсан бөгөөд 2014 онд авто машинуудынх нь ашиглалтын хугацаа дуусах юм. Тиймээс хөдөлгөөнт эргүүлийн авто паркийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Хөдөлгөөнт эргүүлд гардуулан өгсөн 75 авто машин нь 2013 оны 4 сард үйлдвэрлэгдсэн бөгөөд 100 км-т 7,5 литр бинзен зарцуулдаг байна. Автомашины үнийн хувьд 18 сая төгрөг бөгөөдзапас 9 дугуй дагалдаж байгаа юм байна.Энэхүү Киа-Рио маркын 75 автомашин нь өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж байгаа цагдаагийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд цагдаагийн шинэ лого, тэмдэглэгээг хийж өгсөн. Мөн автомашиныг ашиглалтын хугацаанд Киа фирмийн Монгол дах төлөөлөгчийн газар засварыг бүрэн хариуцаж ажиллана гэдгээ ёслолын үеэр хэлж байсан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш