logo
АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргад Итгэмжлэх захидлаа гардуулав

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргад Итгэмжлэх захидлаа гардуулав

2013/06/25
Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суух Байнгын төлөөлөгч Элчин сайд Ц.Жамбалдорж 6 дугаар сарын 21-ний өдөр Жакарта хотноо АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь (Le Luong Minh)-д Итгэмжлэх захидлаа гардуулав.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдоржийг Итгэмжлэх захидлаа гардуулсантай нь холбогдуулан түүнийг хүлээн авч уулзан Монгол, АСЕАН-ы харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов. Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж Ерөнхий нарийн бичгийн даргад Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Гадаад Харилцааны сайд Л.Болд нарын халуун дотно мэндчилгээг уламжлаад, Ази, Номхон далайн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тус бүс нутгийн улс төр, эдийн засгийн интеграцид аль болох түлхүү оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болохыг онцлон тэмдэглэж, улмаар өөрийн орны АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшиний уулзалтад нэгдэх, АПЕК-ын гишүүн болох чин эрмэлзлийг уулзалтынхаа үеэр нотоллоо. Монгол Улс АСЕАН-ы болон түүний гишүүн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, нэн ялангуяа уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл боловсролын салбарт өргөнөөр хамтран ажиллах ихээхэн боломж байгааг тэрээр тэмдэглээд, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газартай бүх талаар ойр хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийллээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын Засгийн газрын АСЕАН болон түүний гишүүн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх чинхүү эрмэлзэлд гүн талархалтай байгаагаа илэрхийлж, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахаа нотоллоо. Монгол Улс өөрийн боломж, туршлага, сонирхолдоо тулгуурлан аль аль талдаа харилцан ашигтай байж, цаашдын ойр хамтын ажиллагааны үндэс суурь болж чадах салбаруудыг эрэлхийлж, олж тогтоохыг Ерөнхий нарын бичгийн дарга Ле Луонг Минь уулзалтын үеэр санал болгов.

Монгол Улсын төр, засаг АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар байрладаг Индонези Улсад ойрын ирээдүйд ЭСЯ байгуулахаар шийдвэрлэж, улмаар АСЕАН-ы дэргэд суух Байнгын төлөөлөгчөө ийнхүү томилсон нь АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам гэдгийг хоёр тал нааштай үнэллээ.

Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж ирэх 7 дугаар сарын эхээр Бруней Даруссалам Улсад болох АСЕАН-ы Гадаад хэргийн сайд нарын 46 дугаар уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд тэдэнтэй АСЕАН+Монгол гэсэн тусгайлсан товч уулзалт хийх санаачлагыг дэмжихийг Ерөнхий нарийн бичгийн даргаас дахин хүсч, гишүүн орнуудын ГХЯ-дын холбогдох өндөр албан тушаалтнуудад нааштайгаар ойлгуулж, шийдвэрлүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Түүнчлэн, тэрээр АСЕАН-ы гишүүн Бруней, Индонези, Филиппин, Малайз, Лаос, Мянмар, Сингапур, Тайланд Улсаас АСЕАН-д суугаа Байнгын төлөөлөгч нартай тус тус танилцах уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцохын сацуу Бруней-д хийхээр төлөвлөж буй АСЕАН+Монгол уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш