Сайд Л.Болд хатагтай Пиччинд Монгол Улсад гурван жил хагас үр бүтээлтэй ажилласанд нь талархал илэрхийлэхийн зэрэгцээ Хүн амын сангийн үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг үр дүнд чиглэсэн удирдлагаар хангах, залуучуудын хөгжлийг дэмжих, эх нярайн эндэгдлийг бууруулах асуудлын хүрээнд эмзэг бүлгийнхэнд анхаарал хандуулах, улмаар Суурин төлөөлөгчийн газрын чадавхийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсныг нь цохон тэмдэглэв.
Хатагтай Пиччинийг суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаанд НҮБ-ын Хүн амын сангаас Мянганы хөгжлийн 4 ба 5 дугаар зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулахад ахиц гарч, 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогыг хийх ажилд техник технологи, санхүүгийн туслалцаа үзүүлж, 15 гишүүнтэй НҮБ-ын Залуучуудын зөвлөх бүлэг байгуулсан ба Залуучууд хөгжлийн төсөл хэрэгжүүлж эхэлсэн, шинээр зохион байгуулагдсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлсэн зэрэг олон чухал ажил хийгджээ.