НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ зорилтын хүрээнд Монгол Улс Эритри Улстай 6 дугаар сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч, Эритри Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Арая Деста нар гарын үсэг зурав. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдээг НҮБ-д бүртгүүлж, НҮБ-ын гишүүн орнуудад танилцуулахыг хүсч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнд Монгол, Эритри Улсын Байнгын төлөөлөгчид хамтарсан захидал мөн илгээв.
Ийнхүү Эритри Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.