Борооны улирал эхэлсэнтэй холбогдуулан ОБЕГ-аас үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулсаар байгаа билээ. Сүүлийн үед үргэлжилэн орж байгаа борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд айл, автомашин, мал урссан гэх мэдээлэл байна. Түүнчлэн өчигдөр Налайх дүүргийн зургадугаар дугаар хороо, Тэрэлжийн Өнөр, Горхи, Баянцагаан, Болор зэрэг амралтын газар их хэмжээний бороо орсны улмаас үер болж айл өрх, мал амьтан үерийн усанд урсах аюул нүүрлэсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах ангийн албан хаагч, уул уурхайн алба, зам ангийн нийт 83 албан хаагч, нийт 20 гаруй машин, хоёр ковштойгоор аврах ажиллагааг амжилттай явуулсан байна. Ингэхдээ долоон айл өрхийн 31 иргэн усанд автсан байсныг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байна. Энэхүү үргэлжилсэн их бороо цаашид үргэлжилэх төлөвтэй байгаа бөгөөд дуу цахилгаантай, усархаг бороо орох аж. Иймээс ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, гэр орон сууцныхаа ойролцоо үерийн аюулаас сэргийлэн ус зайлуулах суваг шуудууг татаж, цаг агаарын мэдээг байнга хүлээн авч, холын замд зорчихдоо баталгаат зам гүүрээр явж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Ц.Ану
Ц.Ану