Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн алба хаагч, шадар түрүүч Б.Батсоёлд холбогдох хүчингийн хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд болж, түүнд шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял оноолоо. Тэрбээр дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө таксигаар үйлчлүүлэхээр гар өргөсөн 22 настай «З» гэгч бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон юм. Түүнд эрүүгийн хуулийн 126.1 дүгээр зүйлд зааснаар буюу хохирогчид хүч хэрэглэсэн, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, дээрх ялыг оноосон байна. Шүүгдэгч Б.Батсоёл “Хохирогч гээд байгаа эмэгтэй «З» хүчиндүүлсэн гэж намайг гүтгэсэн. Эхлээд тэр найзтайгаа миний машинд суугаад хоорондоо хэрэлдэж, зодолдоод найз нь бууж явсан юм. Гэтэл тэр хохирогч гээд байгаа «З» гэж эмэгтэй “Би ийм байдалтай гэртээ ормооргүй байна” гээд уйлаад байсан. Тэгээд надтай тохиролцож явчихаад эргүүлийн цагдаа нар ирэхэд “намайг хүчиндлээ” гэж мэдүүлсэн. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял авмааргүй байна” гэв. Шүүх хурлын ерөнхий шүүгчээр Б.Сарантуяа, улсын яллагчаар Э.Ундрах-Хэрлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Б.Онолтуяа, Н.Хувцагаан, хохирогч З-гийн өмгөөлөгчөөр Н.Түвшинжаргал нар байлцлаа.