logo
Дэд дарга Австрийн Ерөнхий прокурорыг хүлээн авч уулзав

Дэд дарга Австрийн Ерөнхий прокурорыг хүлээн авч уулзав

2013/06/28
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын урилгаар Холбооны Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхий прокурор Эрнст Ойгэн Фабрици манай улсад айлчилж байна. Ноён Эрнст Ойгэн Фабрици айлчлалынхаа хүрээнд Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржтой өнөөдөр уулзаж санал солилцлоо.

    Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Монгол, Австрийн парламентын харилцаа, хамтын ажиллагаа 90-ээд оноос эхтэйг  онцолж, өнгөрсөн хугацаанд хоёр орны өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд амжилттай болж  ирснийг  онцлон тэмдэглэлээ.

     Тэрээр, манай улсад парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал прокурорын байгууллагаар дамждаг. Харин Австрийн  парламент энэ асуудалд хэрхэн  ханддаг талаар сонирхсон юм.  

      Австрийн парламентын гишүүд халдашгүй дархан эрхийг эдэлдэг. Гэхдээ прокуророос парламентад хүсэлт тавьсан тохиолдолд  гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Миний мэдэж байгаагаар нэг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан тохиолдол бий гэдгийг Ноён Эрнст Ойгэн Фабрици хэллээ.

        Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав ХБНАУ-ын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн яаманд өнгөрсөн дөрөвдүгээр сард айлчлал хийхдээ хоёр орны прокурорын  байгууллагын хооронд харилцан ойлголцын санамж бичиг байгуулах талаар ярилцаж тохиролцсоны дагуу уг санамж бичгийг энэ оны зургадугаар сарын 26-ны өдөр үзэглэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш