Уулзалтын эхэнд Парламентын тэргүүн зочдын айлчлал үр дүнтэй байгаад талархал илэрхийлсэн. Түүнчлэн прокурорын байгууллага төдийгүй хууль тогтоох дээд байгууллага, Засгийн газар гээд бүх шатанд, бүх салбарт хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа хэлсэн юм. Тухайлбал, Туркийн Ерөнхий сайд энэ хавар манай улсад айлчлах үеэр Өвөрхангай аймгийн Хархорин суманд олон улсын нисэх буудал хамтран барихаар тохиролцсон, ингэснээр Туркийн жуулчдыг шууд Хархоринд буулгах зэрэг аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсныг дурслаа. Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль амжилттай болж өнгөрснийг дуулгалаа.
Ноён Хасан Ербал одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин сонгогдсонд баяр хүргэж байгааг уламжлахыг хүслээ. Түүнчлэн төрийн эрх барих дээд байгууллагын удирдлага, бүтэц тогтвортой байх нь улс орны хөгжилд ач холбогдолтой байдаг гэлээ.
Туркийн прокурорын байгууллагын төлөөлөгчдийн айлчлалын гол зорилго нь Ерөнхий прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааг хурдацтай хөгжүүлэхэд чиглэж байгаа аж. Энэ хүрээнд прокурорын байгууллагын тэргүүнүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Манай улсын 10 прокурор өнгөрсөн онд Турк улсад туршлага судалсан бол энэ жил 20 прокурор сургалтад хамрагдаж туршлагаа хуваалцсан байна.
УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий прокурорын байгууллагын дэргэд Криминалистикийн лаборатори байгуулах ажилд Туркийн прокурорын байгууллагаас дэмжлэг үзүүлэхийг энэ үеэр хүсэхэд ноён Хасан Ербал энэхүү хүсэлтийг хүлээн авч, бүх талаар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.