Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас өмнө буюу 1991онд батлагдсан юм байна. Түүнээс хойш хуульд дорвитой өөрчлөлт ороогүй бөгөөд 2008 оны 12 дугаар сард хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дээрх хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж , төрийн байгууллагын эрх хэмжээг тодорхой болгох, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах шаардлагатай гэж үзэж байжээ.
Газрын тосны тухай хуульд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд олон байдаг байна. Тиймээс хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгаа тул Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна гэдгээ салбар хариуцсан сайд Д.Ганхуяг мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.