Улаанбаатар хот Японы Мияаконожо хоттой 1998 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд 2009 онд талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны хүрээнд Мияаконожо хотын төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2013 оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд айлчилж байгаа бөгөөд хотууд үйлдвэрлэл, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарт хамтран ажиллаж байна. Өчигдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Мияаконожо хотын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон. Харин өнөөдөр Мияаконожо хотын дарга Икеда Такахиса нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн хөгжилд маш чухал дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн Японы ард түмэн, Засгийн газарт талархаж байна. Бид Японы Засгийн газрын дэмжлэгээр олон улсын нисэх онгоцны буудал, метро зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлхээр болсондоо баяртай байна” гэлээ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал нөлөө үзүүлэх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сайжруулах тал дээр тус хотоос туршлага судлан, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мияаконожо хотын дарга Икеда Такахиса “Та бүхэнтэй энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Манай улсад ногоон байгууламжийн чиглэлээр мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэхэд бид дэмжин ажиллана” гэлээ. Мөн энэ үеэр Мияаконожо хотын дарга ИкедаТакахиса хотуудын найрамдалт харилцааны бэлэгдэл болгож, Улаанбаатар хотод нарийн оношлогооны техник тоног төхөөрөмж бүхий яаралтай түргэн тусламжийн машиныг гардуулж өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.