logo
“Залуусаа, сонгуульдаа оролцъё” аян 837.718 фэйсбүүк хэрэглэгч  залуучуудад хүрчээ

“Залуусаа, сонгуульдаа оролцъё” аян 837.718 фэйсбүүк хэрэглэгч залуучуудад хүрчээ

2013/06/28
Би фэйсбүүк хуудас, твиттер зэрэг сошиал медиаг хамгийн идэвхтэй хэрэглэж, бүх мэдээллийг энэ сувгаар дамжуулан авдаг залуусын нэг. Өдөрт зурагтын удирдлага барин сувагаа мэдээ дээр тааруулж, бас өдөр тутмын сонин уншиж цаг үеийн мэдээллийг авна гэдэг залуу хүн надад бараг л худлаа. Харин интернетэд ороод хамгийн түрүүнд фэйсбүүк хуудсаа нээж, ямар мэдээлэл давалгаалж байгаа бол гэдгийг олж мэдэхийг хичээдэг. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулиар сурталчилгааны мэдээллүүдээс гадна МЗХ-ноос санаачилан өрнүүлсэн “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяны “Би саналаа өгнө” сонирхолтой зураг, уриатай постерууд цахим мэдээллийн сувагт давалгаалж, саналаа өгөхөд минь эрхгүй нөлөөлж чадсан юм. Би ч бас сонгуулийн ирцийн дүн надаар л дутав гэж боддог залуучуудын нэг байлаа. Харин өдөр бүр залуусыг сонгуульдаа оролцохыг уриалсан, саналаа өгөхийн ач холбогдлыг тайлбарлан таниулсан “Би саналаа өгнө” постер, дэмжсэн залуусын зураг надад саналаа өгөх нь зөв юм байна, сонгуульд оролцож байгаа нь би дуу хоолойгоо хүргэж, үзэл бодлоо илэрхийлж байгаа юм байна гэдгийг ойлгуулсан юм. Монголын залуучуудын төв байгууллагын хувьд МЗХ манай 18-25 насны залуучуудын дөнгөж 10 гаруй хувь нь, 18-35 насны залуучуудын дөнгөж 20 гаруй хувь нь саналаа өгдөг гэсэн харамсалтай судалгааны дүнд дүгнэлт хийж, “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяныг санаачилан фэйсбүүк, твиттер орчинд өрнүүлсэн нь над шиг үзэл бодолтой байсан олон мянган залууст нөлөөлсөн гэдэгт би итгэлтэй байна. Аливаа нэг улс төрийн намын нэр дэвшигчийг ил болон далд хэлбэрээр дэмжин ажиллаагүй, зөвхөн нийт залуусаа идэвхтэй байж сонгуульдаа оролцож, ирээдүйнхээ, сонголтынхоо эзэн нь байхыг уриалсан “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяны хүрээнд давхардсан тоогоор 837.718 фэйсбүүк хэрэглэгч залуучуудад уриалга мэдээлэл хүрсэн гэдгийг хэлж байгаа юм. Мөн тус аянд манай хэвлэл мэдээллийн байгууллагууд, МЗХ-ны харъяа болон дэргэдэх бүх байгууллагууд, 21 аймаг, 9 дүүрэг дэх салбар зөвлөл, залуучуудын хороод тун идэвхтэй оролцсон гэнэ.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш