Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2013.06.28/ хуралдаанаар “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Байгаль орчин, ногоон хөгжлийн болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 2012 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч нарийн зарцуулах эрхийн гүйцэтгэлийг товч танилцууллаа.
Танилцууллагатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, Ц.Дашдорж нар асуулт асууж, хариулт авлаа.
2012 оны зарим төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилт нь зураг төсөл, төсөв хийгдээгүй дутуу байсан учир тасалдсан байна.
Тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж тогтоолын төслийг дэмжиж санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо.
Дараа нь Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулга хийлээ.
Иргэдийн саналыг үндэслэн ой ашиглах эрхийн бичиг олгох, гарал үүслийн гэрчилгээ олгох, ойг гэрээгээр эзэмшигчидтэй гэрээ байгуулах асуудлыг байгаль хамгаалагчид хариуцуулахаар, түймрийн аюултай буюу хуурайшлын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс ойн түймэр гарахаас сэргийлэх ажилд татан оруулах, тэднийг урамшуулдаг байхаар төсөлд тусгасан байна.
Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж нэгдсэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдлээ.