logo
Төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2013/06/29
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

   Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Ч.Улаан, эдгээр байгууллагын төсвийн гүйцэтгэлийн тайланд аудит хийсэн талаарх танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга Б.Зангад нар танилцуулж, байнгын хорооны гишүүдийн асуултад хариулт өгөв.

   Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн гишүүн Ж.Батзандан төсвийн гүйцэтгэлийг хэдэн тоо гаргаж тайлагнасан болдог, түүнийг нь аудитын байгууллага цаасан дээр дүгнэлт хийсэн болж оромддог байдлыг засах цаг болсон. Цаасан дээр ажилладаг Сангийн яам, Үндэсний аудитын байгууллага энэ байдалдаа дүгнэлт хийж, бодит амьдрал дээр бууж ажилламаар байна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Байнгын хорооны дарга А.Бакей ч гишүүдийн асуулт, саналын үеэр гарсан шүүмжлэлийг холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг сануулсан юм.

  Ингээд Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн тухай санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш