logo
Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн Төсвийн хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо

Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн Төсвийн хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо

2013/06/29
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн / 2013.06.28 / хуралдаанаар  “Монгол Улсын 2012 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

    Танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор А.Зангад танилцуулав. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд, О.Баасанхүү, М.Батчимэг,  З.Энхболд нар асуулт асууж санал хэллээ. Өнөөдрийн хуралдаанд Гадаад Харилцааны яам, Батлан Хамгаалах яам, болон Цөмийн энергийн газар, Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөлүүд оролцож  гишүүдийн асуусан асуултанд хариулт өгсөн.

   УИХ-ын гишүүн М.Батчимэг байгууллага бүрт дотоод аудит ажиллаж хяналт шалгалт хийж байгаа. Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн зөрчилтэй санал нийлж байгаа эсэхийг хуралдаанд оролцсон байгуулгуудаас тодруулсан. Мөн Үндэсний аудитын газраас жил бүр гаргадаг зөвлөмжийг УИХ-д танилцуулж зөвлөгөө өгдөг тогтолцоо байгаа эсэхийг  тодруулж байсан юм. Мөн өнгөрсөн онд Банк даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 19, Алт олборлож буй 13, Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 2, НӨАТ-ын 0 хувьтай экспортын уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 6, Монгол улсад 2 сая ам, доллар ба түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн боловч үйл ажиллагаа нь жигдрээгүй 25 аж ахуйн нэгж байгууллагыг хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамуулжээ. Энэ талаар  З.Энхболд гишүүн тодруулж, одоогийн гаргасан тайланд хөнгөлөлт чөлөөлөлт 1 их наяд төгрөг болсон байна.Үүний 70 гаруй хувь нь НӨАТ-ийн чөлөөлөлтөнд оржээ. Иймд алт олборлож буй аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулсан нь ямар учиртай талаар асуусан.

   Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Улаан хариулт өгч, цаг хугацааны хувьд мартагдсан зүйл байж магадгүй тул дараа тодруулж мэдээлэл өгөхөөр боллоо.

   Ийнхүү тус байнгын хорооны хуралдаан өндөрлөж, гишүүдийн гаргасан санал дүгнэлтийг Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш