logo
Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг дэмжлээ

2013/06/29
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж УИХ тогтоол баталдаг хуультай.

   Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 7; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 5; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 8; Төрийн байгуулалтын байнгын хороо 2; Төсвийн байнгын хороо 4; Эдийн засгийн байнгын хороо 6; Хууль зүйн байнгын хороо 8; УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 43; Монгол Ардын намын бүлгээс 54; МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс 5; Засгийн газар 142 төсөл санал болгосны зэрэгцээ УИХ-ын гишүүдээс 39 санал тусгайлан ирүүлсэн байна.

  Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа нэгд, өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан, хоёрт, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон, гуравт, холбогдох хуулийн төслийг боловсруулахаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдийн хугацаа заагдсан, дөрөвт, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай, боловсруулж дууссан, Засгийн газраас санал авсан хууль, тогтоолын төслүүдийг жагсаалтад оруулах зарчим баримталсныг байнгын хорооны дарга А.Бакей гишүүдэд танилцуулав. Харин тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзсэнээ хэллээ. Энэ сарын 25-ны өдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 67 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шат дахь 22 төсөл, хэлэлцэгдэж эхлээгүй 45 төсөл байгаа аж.

  Тогтоолын төслийн талаарх байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан М.Батчимэг, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Дэмбэрэл нарын гишүүд асуулт асууж тодруулсны дараа гишүүд саналаа хэлж, зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Тухайлахад гишүүн Д.Эрдэнэбат улс орны нийгэм, эдийн засгийн шинэчлэлд чухал ач холбогдолтой, бодлогын шинжтэй хууль тогтоомжийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгааг хэлээд Эхчүүд, хүүхдэд тэтгэмж дэмжлэг үзүүлэх тухай, Нийтийн албаны тухай, Баялгийн сангийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслүүд, мөн Мэргэжлийн хяналтын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг жагсаалтад нэмж тусгах зарчмын зөрүүтэй санал гаргаж дэмжүүллээ. Мөн гишүүн М.Батчимэг Төрийн батлан хамгаалах бодлогын тухай, гишүүн Ж.Батзандан Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай, гишүүн С.Дэмбэрэл Авлигын эсрэг хууль, Төрийн аудитын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэмж тусгах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжлээ. Гишүүн Х.Тэмүүжиний саналаар одоо хэлэлцүүлгийн шатанд байгаа тул Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Маршалын албаны тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслүүдийг жагсаалтаас хасахаар боллоо. Эдгээр хуулийн төслүүдийг тогтоолын төслийн хоёр дахь заалтын хүрээнд оруулж хэлэлцэх боломжтой гэж байнгын хороо үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш