logo
Дэлхийн хүн ам  600 мянган тонн шоколадыг жил бүр хэрэглэдэг

Дэлхийн хүн ам 600 мянган тонн шоколадыг жил бүр хэрэглэдэг

2013/06/29
Шоколад бол дэлхийд хамгийн нэрд гарсан бүтээгдэхүүний нэг бөгөөд хямралын үед ч гүйлгээ нь буурахгүй л байна. "Шоколад" гэдэг үг нь ацтек ястны "сасаhuatl" (какахуатл) буюу "xocolatl" (ксoколатл) гэдэг үгнээс гаралтай бөгөөд "Гашуун ус" гэсэн утгатай ажээ. Шоколадыг какаоны буурцагнаас хийдэг. Ертөнцийн баруун хэсэгт үүнийг эсрэгээр КОКОА (Cocoa) гэж яагаад ч юм нэрлэдэг байна.

Какаоны мод чийглэг дулаан газарт ургадаг, үүний хамгийн их талбай нь Африкийн баруун зүгийн Гана, Кот-дИвуар, Нигери болон бусад хэд хэдэн улсын нутагт байдаг юм. Какаогийн модонд хальсан уут ургаж, нэг ийм уутанд какаоны 20-50 хүртэл ширхэг буурцаг байдаг ажээ. Өөр өөр амт, үнэртэй янз бүрийн төрлийн буурцаг байдаг бөгөөд эдгээрээс янз бүрийн төрлийн шоколад хийдэг байна (янз бүрийн сортоос янз бүрийн дарс хийдэгтэй адил).

Какаоны мод диваажингаас үүсэлтэй учир модны үр нь түүнийг хүнсэндээ хэрэглэж буй хүнд цэцэн мэргэн ухаан, эрч хүч өгдөг гэж эртний майя, ацтек ястнууд үзэж байжээ.

Ацтекийн шоколад нь орчин үеийн шоколадтай адилгүй байсан бөгөөд түүнд гашуун перец, эрдэнэ шиш болон мөөг нэмж хийдэг байсан байна. Энэ нь айхтар чанга амттай шоколад байжээ. Мөн тэр майя, ацтек нар какаоны үрийг мөнгөний нэгж болгон хэрэглэж, жишээ нь нэг боол 100 үрийн үнэтэй байсан байна.

Шоколад нь кофеин, теобромин, фениэтиламин зэрэг химийн олон идэвхит бодис агуулдаг ажээ. Түүний энэ чанарыг бүр эрт дээр үеэс мэддэг байсан байна. Нэг аяга какаод 10 миллиграмм кофеин, 100 грамм шоколаданд 15-30 миллиграмм кофеин байдаг. Харьцуулах үүднээс дурдахад, нэг аяга кофенд 150 миллиграм хүртэл кофеин байдаг байна.

Какаоны найрлагад ордог теобромин гэдэг бодис нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгодог. Гэхдээ энэ бодис нохой, муур болон бусад гэрийн тэжээмэл амьтанд туйлын хортой бөгөөд учир нь зүрх-судасны системд их ачаалал үүсгэж, улмаар үхүүлж болдог байна.

Тос их хэмжээгээр агуулагддаг хэдий ч, шоколад нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй ажээ. Шоколаднаас харшил авах нь туйлын ховор, харин шоколаданд орсон нэмэлтээс л харшил авах нь их байдаг байна.

Какаоны хуурсан үрнээс гаргаж авсан тосыг гоо сайхны массажны хэрэгсэл, түүнчлэн цагаан шоколад хийхэд хэрэглэдэг юм. Швейцарын Генри Нестле сүүн шоколад хийхийн тулд өтгөрүүлсэн сүүг шоколаданд хэрхэн нэмж өгөхийг анх удаа сэджээ.
Рудольф Линдт зөөлөн шоколад хийх аргыг 1879 онд анх удаа боловсруулсан байна. Шоколаданд тансаг үнэртний 500 орчим бүрдэл хэсэг байдаг нь ванил болон гүзээлзгэнийхээс хоёр дахин их ажээ.

Дэлхийд 200 гаруй тэрбум ам. долларын үнэ бүхий 600 мянган тонн шоколадыг жил бүр хэрэглэдэг байна.

Альфред Хичкок "Сайко" гэдэг киноныхоо зургийг авахад шоколадны сиропыг цусны оронд хэрэглэж байжээ. Киноны 45 секунд үргэлжилдэг тэр хэсгийн зургийг бүтэн долоо хоног авсан гэдэг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш