МЗХ-ноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөр аль хэдийнээ хэрэгжиж, төслүүдэд ажиллах залуусыг бүртгэн, оюутан залуучууд эхнээсээ ажилтай, орлоготой болж эхэлсэн билээ. Тэгвэл тус хөтөлбөрийн нээлт ирэх даваа гарагт буюу 07-р сарын 01-нд 11 цагт МЗХ-ны төв байрны өмнөх талбайд болох гэнэ. Хөтөлбөрийн нээлтэд МУ-ын Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Хадхүү, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн газрын дарга Б.Бат-амгалан, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, “Ажилтай, Орлоготой Монгол залуу” хөтөлбөрт нэгдсэн дэмжигч байгууллагууд болон уг хөтөлбөрт хамрагдаж ажилд орсон оюутан, залуучууд оролцох юм байна. Түүнчлэн “Сумын залуус” төсөлд хамрагдан 21 аймгийн 331 сумдад ажиллах “Дөрвөн бэрх” багийн гишүүдэд үнэмлэх, туг, ажиллах удирдамж, дэмжигч байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсийг албан ёсоор хүлээлгэн өгөх аж. Эдгээр төсөл хөтөлбөрт хамрагдсан залуучууд 07-р сарын 01-нээс эхлэн ажилдаа орж, хөдөө орон нутгийг зорих юм байна.