logo
Есөн эрдэнийн ганжуурыг түүх соёлын

Есөн эрдэнийн ганжуурыг түүх соёлын "Хосгүй үнэт" өвд бүртгэлээ

2013/07/02

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийг эхлүүлсэн.

Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий өвийн хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, тэдгээрийг хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэгддэг байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний Хороо, Үндэсний Номын Сан хамтран хосгүй үнэт дурсгал болох баримтат өвийг олон улсын баримтат өвийн жагсаалтанд нэр дэвшүүлэн ажиллаж байна.

2013 оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн Олон улсын баримтат өвд бүртгэсний дотор Монгол улсаас нэр дэвшүүлсэн дурсгал болох Монгол улсын Засгийн Газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын "Хосгүй үнэт" өвд бүртгэгдсэн ЕСӨН ЭРДЭНИЙН ГАНЖУУР багтсан нь соёлын түүхэнд тод үлдэх үйл явдал боллоо.
 
 
Манай улсын энэхүү хосгүй үнэт өв нь бурхан Шакьямуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиол, гарчигийн хамт 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган юм. Уг бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг Монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүрнээр нь урласан бүтээл билээ.
 
Тус хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын болон бүсийн бүртгэлийн жагсаалтанд өнөөдрийн байдлаар нийт 299 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс гурван баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол Шунхан Данжуур", харин энэ онд ийнхүү "Есөн эрдэнийн ганжуур" бүртгэгдлээ.
 
Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэнэ, ач холбогдолтой байх, Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш