logo
Дорнодын тал нутгийн 200 мянган га бэлчээрийг орвонгоор нь эргүүлнэ

Дорнодын тал нутгийн 200 мянган га бэлчээрийг орвонгоор нь эргүүлнэ

2011/05/10
Хэдийгээр ажлын байр бий болгож, атаршсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн “ажил” төлөвлөж байгаа боловч энэ их газрыг, малын бэлчээрийг орвонгоор нь эргүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ? Дорнод аймгийн Халх гол суманд ажиллаж байхдаа Засгийн газрын тэргүүний “амнаасаа унагасан үг” нь юу байв? Гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд та монголын тал нутгийн тухай бичсэн "Чонон сүлд" роман, 21 дүгээр зууны газар тариаланг танилцуулсан "Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага" номыг анхааралтай унших цаг нь болжээ...  
Ерөнхий сайд та Дэлхийн дулаарлын үеийн газрын хөрс, ургамлын тухай жаахан ч гэсэн мэдлэгтэйсэн бол, тал нутгийнхаа үндэс сайтай өвсний буянаар хаврын ширүүн салхийг Дорнодын тал тэсч гардаг гэдгийг мэдмээрсэн. Хэрэв өөрийнх нь төлөвлөж байгаагаар үл ургах, усаар гачигдах, үндэс муутай тариалалтад зориулж бэлчээрээ орвонгоор нь эргүүлбэл ямар нүгэл болохыг өөрөө төсөөлж чаддаггүй юм бол "Чонон сүлд"-ээс уншаасай...

       Ингээд Халх гол суманд юу яригдсаныг сонирхоё.
 
       Ерөнхий сайд: “Халх гол” төслийн хүрээнд 2012 он гэхэд 30 мянга га талбайг эдийн засгийн эргэлтэд оруулж 370-400 ажлын байр шинээр бий болгоно. Мөн үрийн тариалан, бусад таримлын тариалалтад шилжиж, ажилтнуудыг давтан сургаж мэргэшүүлэхийг зорьж байна. Дараагийн шатанд 170 мянга га газрыг ашиглан, байгаль орчинд нөлөөлөх техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. Түүнчлэн дагалдах бизнес болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ” гэж Засгийн газар тооцоолж байгаа юм.  
 
  Иргэд: Атрын III аяныг үр дүнд хүргэхэд чухал түлхэц болсон бодлогын томоохон арга хэмжээ авч, тариалалт хийхэд Засгийн газраас тодорхой хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, илүү хураан авсан будаанд урамшуулал олгохыг цөөнгүй хүн Ерөнхий  сайдаас хүсч байлаа. Мөн Халх гол суманд салхины хүч ихтэй учир хөрсийг салхины эвдрэлээс хамгаалах, үүл буудаж бороо оруулдаг цогцолбор төхөөрөмжөөр хангах нь чухал гэдгийг ч сануулж байв. Үүний зэрэгцээ нутгийн иргэд үүрэн телефоны сүлжээнд холбогдох, газрын тосыг урагш нь гаргаж байгаа замыг хатуу хучилттай болгох зэрэг тулгамдсан асуудал ч цөөнгүй байгааг хэлж байлаа.

        Ерөнхий сайд: Зөвхөн газар тариалан, мал аж ахуй гэлтгүй Буйр нуур, Халх голоос эхлээд  байгалийн үзэсгэлэнт газар нутагтай, түүхийн хөшөө дурсгал олонтой гээд давуу  боломжоо ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Засгийн газар тодорхой дэмжлэг үзүүлнэ хэмээн амлав. 
 
        Жич: “Халх гол” төслийн эхний шатанд БНСУ-ын буцалтгүй тусламжаар 2011-2012 онд энд нийт 4,6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр усалгааны систем байгуулж, мах, сүүний чиглэлийн үхрийн, гахайн загвар аж ахуй байгуулж манайд хүлээлгэн өгөх юм. Солонгосчууд энэ жил усалгааны систем байгуулж ирэх жил тариалалтаа хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайдад танилцууллаа. 
 
         Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш