Хайр сэтгэлийн утга уянгын яруу тансаг шүлэг чуулсан “Өргөн орчлонд хүн хайраар дутаж болохгүй” 100 яруу найрагч, 100 хайрын шүлэг өдөрлөг өчигдөр анх удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
МЗЭ-ийн дэргэдэх “Залуу Зохиолчдын Нэгдэл”-ээс санаачлан зохион байгуулсан энэхүү хайрын шүлгийн цэнгүүнт 100 яруу найрагч оролцохоор бүртгүүлж, мандатаа авсан юм. Олон нийтийн сэтгэлд хүрсэн үгийн чуулган анх бүртгүүлсэн 100 яруу найрагчаасаа хэтрэн, 150 орчим яруу найрагчид шүлгээ уншсан юм.
Гурван үеийн төлөөллийг нэг дор цуглуулж чадсан хайрын яруу найргийн цэнгүүн өөрөө цаанаа ихэмсэг агаад, яруу тансаг бас гэгээн байлаа.
Ач холбогдол өндөртэй болсон хайрын шүлгийн чуулганд хайрын шүлгийн хатан гэгдэх Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч, Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Дулмаа, Төрийн соёрхолт Д.Төрбат, Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазар “Болор Цом”-ын эзэд Б.Ичинхорлоо, Жа.Баяржаргал, А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, мөн яруу найрагч Д.Ган-Очир, В.Нэргүй, Л.Торой, н.Ганзул, н.Нямлхагва, н.Цэнд-Аюуш зэрэг нэгэн цаг үеийн 150 орчим яруу найрагчид утга уянгын яруу тансаг хайрын шүлгүүдээ уншсан юм.
Дашрамд өгүүлэхэд, энэхүү өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Слава ажилласан бол, хамтран зохион байгуулагчаар Артсофт, Дэлта, AGI зэрэг байгууллагууд ажиллаа. Харин мэдээллийн ивээн тэтгэгчээр, МҮОНРТ, SBN tv, Эх орон tv, Шинэ дэлхий tv, С1 tv, Боловсрол tv, 25tv, Etv, UBS tv, NTV tv, Монгол tv, TV5, ТМ tv, Eagle tv, R tv, PPTV, KissFM, P3FM, Гэр бүлийн FM-104.5, Шинэ монгол радио 101.7, Хамаг Монгол FM-95.1, Тэнгэрлэг FM-103.6 зэрэг мэдээллийн хэрэгслүүд ажилласан юм.