logo
ТҮЦ машинууд суурилуулж, төрийн үйлчилгээг гэрийн хаяанд авчирсанд иргэд сэтгэл ханамжтай байна

ТҮЦ машинууд суурилуулж, төрийн үйлчилгээг гэрийн хаяанд авчирсанд иргэд сэтгэл ханамжтай байна

2013/07/02

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11” төвд 6 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд 821 иргэн ханджээ. ТҮЦ машинууд суурилуулж, төрийн үйлчилгээг гэрийн хаяанд авчирсанд иргэд сэтгэл ханамжтай байгаагаа олонтаа илэрхийлсэн байна. Энэ машинаас оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, гэрлэлтийн бүртгэлийн, гэрлэлт цуцлалтын, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа авч болно. Мөн төрийн байгууллагад хүргэх санал хүсэлт, өргөдөл гомдлоо өгч болно. ТҮЦ машины үйлчилгээний төлбөрийн талаар лавласан иргэдэд "Оршин суугаа хаягийн тодорхойлолтыг 500, бусад лавлагааг 1000 төгрөгөөр олгоно. Төлбөрийг бэлнээр, эсвэл аль ч банкны цахим карт ашиглан бэлэн бусаар хийнэ. ТҮЦ машинаас удахгүй татварын тодорхойлолт авч, цахилгаан, интернэтийн төлбөр төлж, хэвлэл захиалдаг болно” хэмээн холбогдох газраас хариулжээ.

Санхүүжилт нь ороогүйгээс зарим хүн эх орны хишиг 21000 төгрөгөө авч чадахгүй байна гэсэн гомдлын мөрөөр Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газраас “Хүний хөгжил сангаас эх орны хишиг хувиа аваагүй иргэдийн нэрсийг аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд нэгтгэж байна. Энэ судалгааг Сангийн яаманд хүргэснээр санхүүжилт орж, 21000 төгрөгийг олгоно” гэсэн хариу өгчээ.

Засвар хариуцан ажиллаж буй компаниуд зам хааж орхиод цаг алдаж байгааг шүүмжилж, дугуйн зам яаралтай тавих хэрэгтэй байгааг иргэд нийслэлийн удирдлагуудад дуулгажээ. Орон сууцны хороолол доторх зам засварын ажлыг 7-р сард багтаан эхлүүлэхээ хотын захиргаанаас мэдээлсэн байна.

Гэр хороолол болон орон нутагт хашаа байшин авах, шинээр барих иргэд орон сууцны 8%-ийн ипотекийн зээлд хамрагдахгүй, өмнө нь 80м2-аас дээш талбайтай байр авсан иргэд зээлээ шилжүүлж чадахгүй байна, зээл олгож эхэлснээс хойш байрны үнэ өсчихлөө зэрэг санал гомдолд холбогдох байгууллагуудаас хариулт хүргэжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш