logo
Суурь хоёр хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзлээ

Суурь хоёр хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзлээ

2013/07/02
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар /2013.07.01/ энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэгдэх хуулийн төслүүдийн талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлгээс дэд дарга С.Бямбацогт ажиллаж байна.

Шүүх, хууль хяналтын байгууллагын шинэчлэлтэй холбоотой багц хуулийн төсөл байнгын хороогоор хэлэлцэгдэж байна. Гэхдээ эдгээр хуулийн төслийг батлахдаа Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг мөн адил өөрчлөх шаардлагатайг МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд онцоллоо. Хэрвээ энэхүү суурь хоёр хуулийг өөрчлөхгүйгээр бусад хуулийг шинэчилбэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа зарим хуультай зөрчилдөнө гэсэн дүгнэлтийг хуульчид хийжээ. Тиймээс Засгийн газар уг хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн мэдүүлэх ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна.

МАН-ын бүлэг Хилийн боомтын тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хилийн боомтын удирдлагын асуудлыг ЗГХЭГ-ын дарга бус Шадар сайд хариуцах ёстой гэж үзэж байна.

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хөрөнгө оруулалтыг зохицуулахтай холбоотой хэд хэдэн хуулийг шинэчлэх саналыг Засгийн газраас тавьжээ. Энэ дагуу Хөрөнгө оруулалтын тухай, Тендерийн тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2016 оныг дуусталх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг чуулган завсарлахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлэх талаар УИХ-ын даргын зөвлөл дээр яригдсан  байна.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Хэдийгээр УИХ-ын даргын зөвлөл дээр энэ асуудал яригдсан боловч өнөөг хүртэл өргөн мэдүүлээгүй байна. Ер нь гуравхан хоногийн дотор хуулийн төсөл хэлэлцэж батална гэвэл учир дутагдалтай. Бидний хувьд хууль батлахыг дэмжиж байгаа. Засгийн газар хэр зэрэг шуурхай ажиллахаас шалтгаална. Гэхдээ цаг хугацааны хувьд амжихгүй байх. Завсарлахаас өмнө хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг нь шийдчихвэл чуулганы завсарлагааны хугацаанд төслөө улам чамбайруулж болно” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш