logo
Гал унтраах шинэ автомашинуудын бэлэн байдлыг хангалаа

Гал унтраах шинэ автомашинуудын бэлэн байдлыг хангалаа

2013/07/02
Нийслэлийн Онцгой байдлын газарт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлэгдсэн гал унтраах 5 төрлийн 22 шинэ автомашиныг зүгшрүүлэх ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Зүгшрүүлэлт хотоос 100 гаруй километрийн зайд орших Багануур хот тийш хийгдсан ба зүгшрүүлэлт нийт 270 гаруй километр замыг амжилттай тууллаа. Зүгшрүүлэлтийн ажиллагаанд  Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх гарын дарга онцгой байдлын хурандаа С.Залуухүү, хэлтсийн дарга онцгой байдлын хурандаа Я.Ишжамц, нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч, гал унтраах хэлтсийн дарга онцгой байдлын дэд хурандаа  Д.Эрдэнэбаатар нар удирдлагаар чиглүүлж,  нийслэлийн Аврах гал унтраах 14 ангийн Ангийн дарга нар, аврагч гал сөнөөгчид нийт 90 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүн ажилласан юм. Өглөө 6 цаг 30 минутын үед зүгшрүүлэлтийн цуваа нийслэлээс хөдөлж үдийн 11 цагийн үед Багануурт очсон. Тус дүүргийн зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит талбайд цугларсан иргэдэд гал унтраах ажиллагаанд ашиглах автомеханик шатыг 30 метрын өндөрт сунгаж 8 тонны автомашинтай холбон суурин лафетны хушуугаар ус цацаж гал унтраах, хөөсний 10 тонны автомашины суурин лафетны хушуугаар усан хөшиг татах, 3.5 тонны автомашинаас 2 ажлын шугам гарган гар хушуугаар ус гарган усан хөшиг татах, суурин лафетны хушуугаар ус гаргах, гэрэл холбооны автомашины гэрэлтүүлгийг асааж тусгай тоног төхөөрөмжийг ажиллуулах зэрэг  үзүүлэх сургуулийг  сонирхуулсан.
Сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон, туулах чадвар сайтай гал унтраах шинэ автомашинтай болсондоо албан хаагчид баяртай байгаагаа хэлж байлаа. Зүгшрүүлэлтийн цуваа ямар нэг эвдрэл, гэмтэл, сааталгүй Улаанбаатар хотод 23 цаг 10 минутанд ирлээ гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш