logo
“НАЗУ Констракшн”-ын ард АН-ын хамгаалалт бий юу?

“НАЗУ Констракшн”-ын ард АН-ын хамгаалалт бий юу?

2013/07/03

Сү.Батболдын Засгийн газрын үед бага дунд орлоготой иргэдэд зориулан жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийг цөөнгүй иргэдэд олгож байсан ч засаг төр солигдож, энэ зээл үндсэндээ бүтэх аргагүй мөрөөдөл байсан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Харин Шинэчлэлийн засгийн газраас 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн төсөл хэрэгжиж, энэхүү ажилд иргэд ам сайтай, хамрах хүрээ нь өдрөөс өдөрт тэлж байгаа нь сайшаалтай хэрэг болж байна. Гэсэн ч өмнөх засгийн үед зээлд хамрагдаж, орох оронтой болох гээд хохирсон иргэд хэдэн зуугаараа байна.
Тухайлбал, “НАЗУ Констракшн”-д байрны урьдчилгаагаа өгөөд байр ч үгүй мөнгө ч үгүй бүтэн хоёр жилийн турш хохирч буй иргэд аргагүйн эрхэнд Жанжны талбайд жагсахад хүрээд байгаа билээ. Төрийн мөнгийг иргэдээр зээлдүүлж өөрийнхөө данс руу хурааж авчихаад үнсэнд хаясан шалз шиг хаядаг “НАЗУ Констракшн” мэтийн олон барилгын компани байсаар байна.

Уг нь “НАЗУ Констракшн” Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны захиалгаар 60 айлын сууцыг метр квадратыг нь 550 ам.доллараар барьж өгөхөөр ажил авсан ч 28 айлын байр нэмж төлөвлөөд зах зээлийн ханшаар зарж, ашиг унагахаар төлөвлөсөн аж. Тэгээд ашгийн буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газрынхны авах байрнаас даруй хоёр дахин илүү үнэтэйгээр Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжиж байртай болох гэсэн иргэдийн итгэл сэтгэлээр тоглож эхэлсэн хэрэг. Ингэхийн тулд Орон сууц санхүүжилтийн корпорацитай 2011 оны дөрөвдүгээр сарын 08-ны 2011/06/06 тоот гэрээ байгуулжээ. Орон сууц санхүүжилтийн корпорацийн санхүүжилтээр “НАЗУ Констракшн”-аас байр авах айлууд квадрат тутмыг нь 1.200.000-1.400.000 төгрөгөөр тохирч гэрээлжээ. Ингээд худалдан авагчын байрны метр квадрат тутмаас хамаарч 16,000,000-30,000,000 төгрөгийн хооронд урьдчилгаа төлбөрөө бэлнээр “НАЗУ Констракшн”-л тушаажээ.

Ингэж захиалагч бүрээс захиалга авахдаа “НАЗУ Констракшн”-ийнхан 2011 оны аравдугаар саырн 1-ний өдөр будаг нь ханхалсан шинэ байранд оруулна гэж хошгируулжээ. Гэвч тэр цагаас хойш бүтэн хоёр жилийн турш Орон сууц санхүүжилтийн корпорацитай гэрээтэй төрийн албан хаагчид сар бүр зээлийн гэрээний дагуух авсан зээлээ хүүгийн хамт төлсөөр л. Гэтэл Орон сууц санхүүжилтийн корпорациас авсан зээлээ бүгдийг нь барьж өргөчихөөд, хоёр жил байраа хүлээгээд зээлээ, хүүтэйгээ төлсөөр байгаа 28 захиалагчдадаа “НАЗУ Констракшн” нь албан тоотоор мэдэгдэл, хүсэлт гэгчийг илгээн утас, майл цохин “Засгийн газрын хэрэг эрхлэх газраас болж манайх дампуурлаа. Гурвалсан гэрээнд дурдагдсанаар манай үүрэг болон тогтоогдсон орон сууц ашиглалтад орох хүртэлх төлөх зээлийн хүүг манайх төлж дийлэхгүй нь. Тиймээс орон сууцныхаа үнийг нэмж шархаа нөхнө. Үгүй бол та нарын байрыг гуравдагч этгээдэд борлуулж байгаад 20 хувийг нь суутган эргүүлж өгнө. Үндсэн мөнгө, зээлийн хүүгээ өөрсдөө төл. Эсвэл гэрээг цуцална…” хэмээн шантаажилжээ. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн хугцааны 40 сая төгрөгийн зээлийн хүүгээ өөрсдөө төл гэсэн үг л дээ. Барьж байсан барилгаа лацдаад, гар утсаа авдаг хүн ганц ч байхгүй болсон. Оффисoo зарчихсан хаана байгаа нь мэдэгдэхгүй болжээ. Нөгөө тушаасан мөнгө ч байхгүй, будаг нь ханхалсан байрандаа ч ороогүй гэрээлэгчид Орон сууц санхүүжилтийн корпорацийн нэг муу зээлийн гэрээтэй л үлджээ. Аргаа бараад дутуу баригдсан барилга дээрээ очтол харуул гэх залуу нь “НАЗУ Констракшн”-ийг Засгийн газрынхантай шүүх цагдаа болсон сураг дуулгажээ. Тэмцэл хийхээс аргагүй нь гэж нэгдсэн захиалагчид сураг ажиг гаргаснаараа “НАЗУ Констракшн”-ы Удирдлагуудтай уулзахаар өнгөрсөн тавдугаар сарын 28-нд “Хөнгөн бетон” ХХК-ийн оффист очтол захирал байсан Б.Наранзул нь жирэмсний амралттай гээд сураггүй арилжээ. Харин Б.Наранзулын ээж Эрдэнэчимэг гэгчид захиалагчид учир зүйгээ ярьжээ. Хариуд нь, нэг албан бичиг үйлдэж өгөх ухааны юм яриад алга болсон аж. Ийн дураараа дургиж, дээрэлхэж доромжилж байгаа нөхөр бол “НАЗУ Констракшн” болон “Хөнгөн бетон” ХХК-ийг үүсгэн байгуулагч Т.Баярхүү гэх.

Бүр тодруулбал, Т.Баярхүүгийн эхнэр Б.Эрдэнэчимэг гэгч нь АН-ын гишүүн, намынхаа буянаар “Хөнгөн бетон”-ы үйлдвэрийг өөрийн өмчид авч байсан зайтай эмэгтэй гэгддэг юм байна. Харин Т.Баярхүү гэгч нь өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуулиар 16-р тойрог буюу Ховд аймагт нэр дэвшин өвдөг шороодож байжээ. Тэрээр Ховд аймгийн Булган сумын нутаг “Хөх тохой” гэдэг газар  төрсөн, торгууд ястан аж. 1975 онд МУИС-ийг инженер эдийн засагчийн мэргэжлээр төгссөн. Т.Баярхүү сургууль төгссөнөөс хойш Авто тээврийн 22-р баазад Төлөвлөгөөний хэлтсийн дарга, 1977 оноос МҮЭ-ийн төв зөвлөлд тээвэр холбоо, худалдаа, нийтийн аж ахуйн хангамжийн системийг хариуцсан хөдөлмөр хамгааллын улсын байцаагч, 1981 оноос Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн амралт сувиллын ерөнхий газарт хангамжийн хэлтсийн дарга, 1990 оноос Шастины нэрэмжит нэгдсэн lll эмнэлэгт эдийн засаг эрхлэсэн орлогч даргын албыг 1992 оныг дуустал эрхэлсэн. 1993 оноос “Минжит булган гол” ХХК-ны ерөнхий захирал, 1996 оноос  “СҮҮ” ХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг албуудыг хашиж байжээ.  Т.Баярхүү нь МХЗЭ-ийн үүрийн болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн, Булган сумын нутгийн зөвлөлийн орлогч даргын сонгуульт ажлуудыг эрхэлж байсан.   Тэрээр “Минжит булган гол” ХХК байгуулж, үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжүүлэн тэлж, “НАЗУ” групп болтлоо тэлж чадсан байна.
( Үргэлжлэл бий )

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш