logo
Танхи авилгач Т.Билэгтэд Х.Тэмүүжин “салаавч” өгөх л байгаа даа

Танхи авилгач Т.Билэгтэд Х.Тэмүүжин “салаавч” өгөх л байгаа даа

2013/07/03

Одоогоос хоёр жилийн өмнө АНУ-ыг зориод сураг алдарсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн олон улсын цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хууль бусаар хувьчлахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутган, сэжигтнээр тооцсон билээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өнгөрөгч сарын эхээр “Т.Билэгтийн сураг гарсан. Тэрбээр АНУ-аас цагаачлал хүссэн байна” гэх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгсөн нь багагүй шуугиан тариад байгаа юм. Тэгвэл үүний араас эрэн сурвалжлагдаж буй Т.Билэгт саяхан өөрийн өмгөөлөгч Д.Батсүхээрээ дамжуулан  Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ, УЕПГ-ын дарга нарт хандан хувийн захидал илгээсэн байна. Энэ талаар түүний өмгөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний үйлчлүүлэгч Т.Билэгт Хууль зүйн сайдад албан ёсоор захидал өгсөн. Уг захидалд “Намайг АНУ-д цагаачлах хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл гарчээ. Энэ бол үндэслэлгүй, ташаа мэдээлэл. Би хүсэлт гаргаагүй гэсэн байна лээ. Мөн надтай холбогдож эх орондоо ирж, асуудлаа шийдүүлмээр байна гэдгээ хэлсэн. Гэхдээ интерполоор эрэн сурвалжлахаа зогсоохгүй бол аль нэг улсын хил дээр саатуулагдана. Ялангуяа АНУ-ын хил дээр саатуулбал 2-3 сар хорьж, шалгадаг. Хэрвээ тийм байдал үүсвэл АТГ ч хэргээ шалгаж чадахгүй хоёр, гурван сар хүлээх болно. Мөн Т.Билэгт ч хүний нутагт хэдэн сар болох нөхцөл үүсээд байгаа юм. Тиймээс эхлээд энэ асуудлаа шийдээч гэдэг асуудлыг АТГ-т тавьж, харилцан ярилцаж байна. Энэ асуудлыг шийдчихвэл эх орондоо ирнэ. Өөрөө бол долдугаар сард багтаад ирэх бодолтой байгаа” гэжээ. Гэвч түүний энэхүү хүсэлтийг хууль, хяналтын байгууллагынхан хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Д.Батсүх өмгөөлөгч энэ асуудлаар АТГ-т хандсан ч  АНУ-аас цагаачлал хүссэн гэх асуудалд АНУ-ын Интерполын төв товчооноос албан бичиг ирсэн. Энэ дагуу л бид мэдээлэл өгсөн гэдгээ мэдэгдсэн байна. Харин Хуульзүйн сайд Х.Тэмүүжин “Т.Билэгт зайлшгүй шаардлагаар захиа илгээсэн. Тодруулбал,  визний хугацаагаа сунгах шаардлагатай болоод  чадахгүй болоод ирэхээр бидэнд хандаж байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Авилга авсан гэдгээ алга болж нотлосон ноён Т.Билэгт гишгэх газаргүй болохоороо сайд түшмэлд захидал бичиж эрхэлдэг юм байна. Өнөөх нь “чамайг даа” хэмээн хөмхий зуусан хриултыг хэвлэлд өгөөд байх жишээтэй. Жирийн иргэн Д.Энхбат агсанг өчиггүй хулгай хийж ирээд, шоронд хатааж байсан цаг саяхан. Гэтэл хэдэн арван тэрбумаар нь идэж уусан онц ноцтой авилгачдыг улсын мөнгө үрэн хайж, дэлхийд улсынхаа нэрийг шившиг болгож байж, нялуун үгтэй хайрын захиа маягтай дөрвөлжин цаастай болдог юм байна. Түүгээр ч зогсохгүй интерполоор хайхаа зогсоож, “Чингис хаан” нисэх буудал дээр цэрэг цагдаагийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр зардал чирэгдэлтэйгээр угтаж авах дээрээ тулах нь. Ийм эрхэлчихсэн авилгач гэж байж болдог л юм байна, та минь.
Ш.Булга shuum.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш