Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2013.07.03/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөв. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргаснаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ирүүлсэн байна.
Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Зээлийн гэрээ, холбогдох бичиг баримтыг боловсруулсан юм байна.
Төслийг хэрэгжүүлснээр цаасан төлбөрийн хэрэгслийг халж, цахим төлбөрийн хэрэгсэл рүү шилжин өндөр нууцлалтай, уян хатан цахим төлбөрийн системтэй болох юм байна. Түүнчлэн банкны үйлчилгээ авахад иргэдийн цаг хугацааг хэмнэх, санхүүгийн харилцааны бүс нутгийн байршлын ялгааг арилгах ач холбогдолтой хэмээн танилцуулгад дурджээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гэрээний төслийг дэмжлээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийн хүрээнд 8 тэрбум иен (85 сая ам.доллар)-ийн зээлийн шугам нээж, зээлийн эх үүсвэрийг дотоодын арилжааны банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжээс гаргасан төслийн хүсэлт дээр нь үндэслэн тэдгээрт зээл олгох хэлбэрээр хэрэгжүүлэхээр тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асууж тодруулан, саналаа хэлэх гишүүн байсангүй. Ингээд олонхийн саналаар хуулийн төслийг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.