Орлогын гүйцэтгэлийг татварын нэр төрлөөр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал импортын архи, тамхины онцгой албан татвар 15,7 тэрбум, автобинзен дизелийн түлшний онцгой албан татвар 12,2 тэрбум, суудлын автомашины онцгой албан татвар 735,5 сая, шар айрагны онцгой албан татвар 979,5 сая төгрөгөөр гэх мэтчилэн буурсан үзүүлэлттэй байна. Үүний гол шалтгаан нь импорт, экспортын бууралт болон татварын хөнгөлөлт чөлөөлөлт гэдгийг хэллээ. Мөн татварын чөлөөлөлт нь тарифын бус зохицуулалтын нэг хэлбэр бөгөөд эдийн засгийн агуулгаараа төсөвт орох орлогыг бууруулж буй шууд харагдах сөрөг нөлөөтэй. Гэвч тухайн салбарын хөгжлийн түргэтгэх, дэмжих Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл байдаг. Үүний гол илрэл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийт 36 салбар чиглэлийн 995 нэр төрлийн тоног төхөөрөмж хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн тухай мэдээллээ.
Татварын орлогын бууралтад голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйлс нь импортоор оруулсан автобинзен, дизелийн түлшний гаалийн болон онцгой албан татварыг “0” хувиар тогтоосон, экспортын гол нэрийн эрдэс бүтээгдэхүүний энэ оны эхний 6 сарын гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулж үзвэл жоншны экспорт 62,3 мянган тонноор, чулуун нүүрсний экспорт 2667,8 мянган тонноор, зэсийн хүдэр баяжмал 2,7 тонноор тус тус буурчээ.
Энэ бүгдэд анхаарч ажиллах тухай Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хэлээд, цаашид хууль эрх зүйн орчинг сайжруулах, хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай хуульд хатуу байх, мөн төсвийн мөнгийг голлон бүрдүүлж байгаа гаалийн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Мөн хил гаалийн хяналтыг сайжруулахын тулд гаалийн лаборторийг бий болгож, газар дээр нь хянаж шалгах ажлыг хийдэг байх хэрэгтэй гэсэн саналыг хэлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Оюунбаатар нар ч төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг гаалийн байгууллагын орон тоог нэмэгдүүлэх шаардалага бий гэсэн саналыг хэллээ. Гэхдээ удирдлагын бүтэцээ данхайлгах биш, халуун цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэйг хэлсэн. Гишүүд уулзалтын төгсгөлд гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.