Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн танилцуулгыг гишүүдэд танилцуулсан юм.
Ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцан, холбогдох байгууллагуудаас дэлгэрэнгүй болон тусгайлсан мэдээллийг авч ажиллажээ.
Хилийн боомтын тухай хуулийн төслийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэхдээ УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг анхааралдаа авч, төслийн зүйл, заалтыг нэг бүрчлэн хэлэлцэн, нийт 56 санал гарсаныг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон хэмээн тэрбээр танилцуулсан юм.
Ажлын хэсэг Хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах үүрэг бүхий Боомтын Үндэсний зөвлөл ажиллахаар төсөлд шинээр нэмж, түүний эрх бүрэлдэхүүний талаар тусгажээ. Боомтын зөвлөлийн бүрэлдэхүүнд нутгийн захиргааны байгууллага, тухай боомтод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулахаар нэмж тусгасан байна.
Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, иргэдэд шуурхай үйлчлэх чиг үүргийг төсөлд тодорхой тусгажээ.