logo
Хүний эрхийн Үндэсний комиссын орон тоог нэмэгдүүлнэ

Хүний эрхийн Үндэсний комиссын орон тоог нэмэгдүүлнэ

2013/07/04
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.7.03/ хуралдаанаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012 оны илтгэлийг хэлэлцсэн тухай”  байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Засгийн газарт үүрэг чиглэл өгөх уг тогтоолын төслийг хэлэлцэх явцад Хүний эрхийн Үндэсний Комиссын орон тооны нэг ажилтанг аймаг бүрт ажиллуулах асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд санал гаргасан юм. Тэрбээр ХЭҮК нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг байгууллага мэт харагдах болсон тул орон тоог нэмэгдүүлж аймаг бүрт ХЭҮК-ын ажилтанг бий болгох шаардлагатай байна гэж хэлсэн юм. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд орон нутагт ажиллах ажилтнуудын цалингийн асуудлыг ирэх оны төсөвт тусгуулах хэрэгтэй гэлээ. Энэ саналыг байнгын хорооны гишүүд дэмжиж Загийн газарт өгөх үүрэг чиглэл бүхий тогтоолын төсөлд ХЭҮК-ын орон тоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан гарах цалингийн зардлыг 2014 оны төсвийн төсөлд тусгуулан УИХ-д оруулж ирэх асуудлыг нэмж улмаар тогтоолын төслийг баталлаа.

     Байнгын хорооны хуралдаанаар мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Мөн Маршалын албаны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  Дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хуулийн нэрийг “Тахарын албаны хууль” болгон өөрчлөх санал гаргалаа. Энэ саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батзандан нар дэмжиж байсан. Гэвч гишүүд хэлэлцсэний эцэст “Маршалын (тахарын) албаны хууль” гэсэн нэрээр төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг мөн хийлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш