Иргэд зээл авахад шаардлагатай хөрөнгийн лавлагаа авч, барьцааны гэрээ бүртгүүлэхийн тулд бүртгэлийн байгууллага дээр ирж, урт дараалалд зогсож цагаа үрэх шаардлагагүй боллоо. Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хямд хүргэх зорилгоор УБЕГ-ын Эд хөрөнгийн бүртгэлийн газар банкуудад барьцаа хөрөнгийн лавлагаа мэдээллийг цахим хэлбэрээр өгөх, барьцааны гэрээг иргэд бус банк бүртгүүлж байхаар арилжааны банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт лавлагааны мэдүүлэг гаргах, лавлагаагаа авах, банктай байгуулсан барьцааны гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэхгэх мэтээр иргэд зөвхөн 1 удаа зээл авах шатанд бүртгэлийн байгууллагад дор хаяж 4 удаа биеэр очиж үйлчлүүлдэг байсан бол шинэ журам хэрэгжсэнээр бүртгэлийн байгууллагад нэг ч удаа очихгүйгээр зөвхөн банктай харилцаж зээлээ авах боломж нээгдэж байгаа юм.
Бүртгэлийн байгууллага арилжааны банкуудтай хамтран ажилласнаар иргэдийн цагийг ч, мөнгийг ч хэмнэнэ. Тухайлбал, иргэн Нийслэлийн аль нэг дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасагт зөвхөн нэг удаа ирж үйлчлүүлэхийн тулд дунджаар 2 цаг, 4 удаа ирэхэд ажлын 8 цагаа зарцуулдаг байсан бол шинэ журам хэрэгжиж эхэлснээр цагаа хэмнэж байгаа юм. Түүнчлэн цаасан лавлагааны үнэд төлдөг байсан 10,000 төгрөг цахим хэлбэрт шилжсэнээр 800 төгрөг болон буурч, зөвхөн энэ үйлчилгээнээс 9200 төгрөгийн хэмнэлт гарч байна.
Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжин иргэдийг орон сууцжуулах зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг 0,8%болгон бууруулснаар иргэд өмнө нь байгуулсан зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах болон шинээр орон сууц худалдан авах нь нэмэгдэж, банкууд болон бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн тоо эрс өссөн өнөөгийн нөхцөлд төрийн болон бизнесийн байгууллагууд хоорондоо шууд, аль болох шуурхай мэдээлэл солилцох арга хэлбэрийг ашиглан хамтран ажиллах нь иргэдэд чирэгдэлгүй, шуурхай үйлчлэх үндэс болно.
Өнөөдрийн байдлаар Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Улаанбаатар хотын банк, Хадгаламж банк, Чингис хаан банк, Эрэл банк зэрэг арилжааны томоохон банкууд УБЕГ-тай цахим мэдээлэл солилцохоор хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Голомт болон бусад банкууд гэрээ хийгдэх шатандаа байна. УБЕГ-аас бусад банк санхүүгийн байгууллагыг үйлчлүүлэгчиддээ шуурхай үйлчилгээ үзүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.
Цаашид Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг онлайн системд шилжүүлэхээр техникийн, програм хөгжүүлэх болон бусад бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бүртгэлийн шинэ тогтолцоог нэвтрүүлэхийн тулд хууль эрх зүйн шинэчлэл зайлшүй хийх шаардлагатай. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд өмчлөгчийн өмчлөх эрхийн баталгааг илүү найдвартай хангах, үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн системийг олон улсын жишигт нийцүүлэх, мэдээллийн нээлттэй байдлыг хангах, газарт суурилсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо нэвтрүүлэх, өмчийн хэлбэрээс үл хамааран бүрэн бүртгэл хийгддэг болох, бүртгэлийн үйлчилгээнд хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зэрэг зарчмын томоохон өөрчлөлтүүдийг тусгасан хуулийн төсөл боловсруулж байна.