logo
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргэв

2013/07/04
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дахин сонгогдсонд нь баяр хүргэж, захидал ирүүлэв.

“ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА

2013 оны 7 дугаар сарын 2

Эрхэмсэг ноёнтоон,

Саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсонд тань халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

Таныг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох, тус байгууллагатай хамтран ажиллах замаар энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ амжилттай оруулж ирсэн билээ.

Би танай улсад 2009 онд хийсэн айлчлал, түүний дотор Таван толгой дахь Энхийг сахиулагчдын сургалтын төвд зочилсоноо хэзээ ч мартдаггүй юм. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын өсөн нэмэгдэж буй оролцоо дэлхий дахинаа энхийг тогтоох үйлсэд нэн чухал хувь нэмэр оруулж байгаа. 2012 оны 9 дүгээр сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэхээ нотолсон нь цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэлхий нийтийн хүч чармайлтад онцгойлох үйл явдал болсон билээ.

Хөгжлийн салбарт, тухайлбал Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо нээх чиглэлд ахиц дэвшил гарч байна. Эх дэлхийн манлайлагчийн хувьд тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийг хяналтдаа авах чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад Таны оруулж буй хувь нэмрийг би өндрөөр үнэлдэг. Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд Ардчиллын боловсролын асуудлыг мөн санаачлан дэвшүүлсэн. Таны удирдлага дор Монгол Улс цаашид ч НҮБ-ыг тууштай дэмжигч улс хэвээр байж, үр ашигтай хамтын ажиллагаагаа бид хамтын хүчээр улам өргөжүүлэн бэхжүүлнэ гэдэгт итгэл төгс байна.

Эрхэмсэг ноён Танд гүн хүндэтгэлээ илэрхийлж байгааг минь хүлээн авч соёрхоно уу.

БАН ГИ МҮҮН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш