Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор хүний эрх, эрх чөлөөний тухай олон улсын гэрээ олон конвенцид нэгдэн орж, холбогдох үүрэг хариуцлагыг хүлээсэн билээ. Манай улс өнөөгийн байдлаар хүний эрхтэй холбоотой НҮБ-ын 30 орчим, түүний дотор суурь 7 конвенц, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 15 конвенцид нэгдэн ороод байна. Хүний эрхийн гэрээнд нэгдэн орсон улс орнууд тухайн гэрээг хэрхэн хэрэгжүүлж буй талаараа тайлан илтгэл бичиж, холбогдох гэрээний хороонд тогтмол хугацаанд хүргүүлэх үүрэг хүлээдэг.
Засгийн газрын байгууллагуудад хүний эрхийн гэрээний хэрэгжилтийн илтгэл бэлтгэн боловсруулах ажлыг хариуцсан ажилтнуудад зориулсан дээрх форум нь НҮБ-ын гэрээний хороод, Хүний эрхийн зөвлөл, ОУХБ-д илтгэл бэлтгэн хүргүүлэх тогтолцоог боловсронгуй болгох талаар зөвлөлдөх зорилготой байв.
Монгол Улсын Засгийн газраас илтгэл бэлтгэн хүргүүлэх, өнөөгийн тогтолцоо, тулгарч буй асуудал болон 2010 онд Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг НҮБ-ын ХЭЗ-өөр хэлэлцүүлсэн туршлагын талаар мэдээлэл хийв.