Үндэсний тээвэрлэгч МИАТ компани анх удаа БНСУ-аас шатахуун импортоор авлаа. Өмнө нь агаарын хөлгийн шатахуунаа зөвхөн ОХУ-аас импортоор авдаг байсан хараат байдлыг халахын тулд Зам тээврийн яам онгоцны шатахууны нийлүүлэлтийг олон эх үүсвэртэй болгохоор шийдвэрлэж, улмаар шатахууны хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээ авч эхэлсэн байна. Ингэснээр МИАТ ТӨХК БНСУ-ын “SK” корпорацитай гэрээ байгуулж, эхний ээлжинд тус корпорацийн үйлдвэрлэсэн 200 тн шатахууныг оруулж ирлээ. Удалгүй МИАТ-ийн агаарын хөлгүүд солонгос бензинээр нислэг үйлдэх юм. Энэ нь шатахууны хомсдлоос сэргийлэх, импортлогчдын дунд өрсөлдөөн бий болгох, үнийг тогтворжуулж, улмаар агаарын тээврийн компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангахад ач холбогдолтой алхам боллоо.