Дархан хотод байрлах дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компани анх 1964 онд үүсгэн байгуулагдаж 1965 оны 10-р сарын 02-оос цахилгаан түгээж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш зургаан бүс нутаг энэхүү цахилгаан станцаас эрчим хүчээ ханган татаж авч байна. Одоогоор 450 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулдаг энэ станцын хамгийн тулгамдсан асуудал нь ажилчдын цалин хөлс болоод нийгмийн халамжийн асуудал байгаа ажээ. Ажилчид хүнд нөхцөлд ажиллаж байгаа учраас цалин мөнгийг нэмэх, орон сууцны зээлд хамрагдахад тусламж үзүүлэхийг станцын удирдлагуудаасаа хүсч байна. Ажилчдын зүгээс хүсч байгаа энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг тухайн станцын үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэ үеэр мэдэгдэж байсан. Үүгээр ч зогсохгүй ажилчдынхаа нийгмийн халамжийг сайжруулах, тэдний аюулгүй байдлыг хангах тал дээр түлхүү анхаарч байгаагаа онцолсон юм.