УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-07-04/ үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн ц.Цолмон танилцуулав.
Засгийн газрын баталсан “Санхүү, эдийн засгийн болзошгүй хүндрэлийн эсрэг авах зарим арга хэмжээний төлөвлөгөө”-нд Япон Улсаас олгох экспортын болон бусад хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг нэн даруй ашиглах тухай асуудал тусгагдсантай холбогдуулан Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөгчидтэй өнгөрсөн хугацаанд хийсэн уулзалт, хэлэлцээний үр дүнд экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр байгуулсан байна. Уг хэлэлцээрийн хүрээнд 8 тэрбум хүртэлх иений зээлийг авч ашиглах бөгөөд зээлийг дотоодын банкаар дамжуулан дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд олгох аж. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал төслүүдийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, Япон Улсын орчин үеийн техник, технологи, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэх, экспортын бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсаны дараагаар хуулийн төслийг батлах санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 84,2 хувийн саналаар Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Үүний дараа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор тус бүр санал хураалт явууллаа.
Санал хураалтын явцад 80 жилийн ойгоор үзүүрлэсэн бөхөд арслан цол нөхөж олгох талаар Д.Батцогт гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал гишүүдийн дэмжлэг авч чадсангүй. Д.Батцогт гишүүн асуудалд тоо тавьж хандах нь буруу. 512, 1014 бөх барилдах тохиолдол байна, 2048 бөх барилдах тохиолдол гарахыг ч байг гэх газаргүй. 11 даваад түрүүлчихсэн бөхөд юу өгөх юм бэ. Тийм учраас түрүүлсэн үзүүрлэсэн гэдгээр нь хуулинд тусгаж, тэд эд давсан гэдгээр нь асуудалд хандахаа больё. С. Баярцогт гишүүний яриад байгаа цаашид үндэсний бөхийн барилдаан хөгжиж чанартай цөөхөн бөх барилддаг болох юм бол түрүүлсэн үзүүрлэсэн гэдгээрээ л явна. Түүнээс заавал найм, ес давсан гэвэл асуудал бүр буруу болоод явчихна гэсэн тайлбарыг өгсөн.
Харин Ц.Нямдорж гишүүн, зөв юм гаргавал монгол бөх дотор гарч байга зөрчил гайгүй болж илааршина, харин буруу юм гаргавал хачин заваан хэрүүлийн алим тарина. 90 жилийн ойгоор Мөнхбат харцага цолтой түрүүлж, Эрхэмбаяр начин цолтой үзүүрлэсэн. Ингээд нэг нь аварга, нэг нь арслан цол хүртэж аль аль нь байр авч байсан. Тэр үед яагаад арслан цол өгч байсан болж байна. Д.Батцогт гишүүн хуулиа үзсэн юм уу. 1024 бөх барилдаж доогуур цолтой хоёр бөх үзүүр түрүүд үлдээд, нэг нь аварга, нөгөө нь арслан болсон нь хууль зөрчсөн болж байна уу яаж байна. Би хууль ёсны дагуу тэднийг аварга, арслан цол авсан гэж ойлгоод өнөөдрийг хүрсэн. Гэтэл яг тэр томьёоллууд орж ирээд будлиан хутгаад хаячихлаа. Одоо энүүгээр батлах юм бол Эрхэмбаярт түрүүн арслан цол олгосон шийдвэрийг хүчингүй болгох юм уу яах юм. Иймд энэ асуудлыг байнгын хороон дээр дахин авч үзээч гэсэн саналыг хэлж байв. Д.Батцогт гишүүн, 80 жилийн ойгоор түрүүлсэн бөх нь арслан болоод үзүүрлэсэн бөх нь арслан авч чадаагүй тухай би ярьж байгаа. Энд хүний нэр яриад яах вэ. Тэр үед нь 1024 бөх барилдуулья гэсэн шийдвэр гаргаагүй. Барилдсан бол яг л ийм үзүүлэлт болно ш дээ. Хамгийн гол нь шударга байх асуудлыг л ярьж байгаа. 90 оны цол бол хэвээрээ байна. Ер нь тэгш ойн жил барилдаж үзүүрлэсэн бөхчүүдээс арслан цол аваагүй нэг л бөх байгаа юм билээ гэсэн юм.
Ингээд санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.