БНМАУ-ын Газрын тосны тухай хуулийг 1991 онд, “Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг Засгийн газрын 1991 оны 204 дүгээр тогтоолоор баталсан ажээ.
Газрын тосны тухай хуульд газрын тосны олборлолт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцааг нарийн тусгаагүй, ойлгомжгүй, бусад хуультай зөрчилдсөн заалтууд нилээдгүй байгаа бөгөөд хуулиар зохицуулах шаардлагатай харилцааг Засгийн газрын тогтоолоор баталсан газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журмаар зохицуулж байгаагаас хамаарч сүүлийн үед хуулийг хэрэгжүүлэхэд багагүй хүндрэл учирч байгааг өөрчилж, журмаар зохицуулж байсан харилцааг хуульчилан тусгажээ. Хуулийн нэр томъёог жигдлэх, бусад хууль тогтоомжид нийцүүлэх үүднээс зарим ойлголтыг өөрчилж, нэмлээ. Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.11-т “газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах” гэсэн хэт ерөнхий томъёолол бүхий тусгай зөвшөөрлийн төрөл байгаагаас үүдэн газрын тосыг эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад тус бүрт нь зориулсан тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчин тодорхой бус байгааг тодорхой болгож, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан тухай төслийн танилцуулгад дурдсан байна.
Газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төрлийг бий болгох, эдгээрийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тостой холбогдсон үйл ажиллагааг бүтээгдэхүүн хуваах гэрээ болон бусад төрлийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэх эрхтэй байхаар төслийг боловсруулсан аж.
Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас улсын төсөвт орох орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлсэн байна. Ингэснээр уг үйл ажиллагаанд орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх гэнэ.
Газрын тосны нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөр зэргийг нарийвчлан томъёолж, түүнийг хуваарилах зарчим, хэмжээг хуульчлахаар тусгажээ.
Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Газрын тосны тухай хуульд сүүлийн үед орд нь илэрч, олборлолт, ашиглалтын тухай яригдаад эхэлсэн занарын талаар тусган, зохицуулалт хийх шаардлагатай байна гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Д.Зоригт, Газрын тосны хайгуул, олборлолт хийж буй одоогийн мөрдөж буй хуулиар 30 гаруй төрлийн татвар хураамж төлдөг. Гэтэл шинэ хуулиар 9 төрлийн татвар хураамж нэмэгдэж байгаа юм байна. Ингээд нийтдээ 30-аад төрлийн татвар хураамж төлөхөөр болж байна. Дээр нь тэр компани өрөмдлөг, хайгуулын зардлаа гаргахаар тэдгээр компаниудад хэрхэн тусах бол гэдгийг бодох хэрэгтэй. Газрын тосны хайгуулийн салбарт дэлхийд тэргүүлдэг компаниуд манайд орж ирэхгүй байгаагийн шалтгааныг судлан ярилцах нь зүйтэй байх хэмээн хэлж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, хуулиар орон нутгийн эрх мэдлийг хязгаарлахыг оролджээ. Хязгаарлах биш, харин ч эрх мэдлийг нь нэмэх ёстой. Орон нутаг өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоох, лиценз олгох эсэхийг шийддэг байх учиртай гэсэн байр суурьтай байсан.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга, уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.