logo
Барилгын тусгай зөвшөөрөл авахад хялбар боллоо

Барилгын тусгай зөвшөөрөл авахад хялбар боллоо

2013/07/05
Барилга хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төв тусгай зөвшөөрөл олгох “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өө нээлээ.

Өмнө нь тусгай зөвшөөрөл  авахад багагүй хугацаа шаарддаг, хүнд суртал ихтэй гэсэн хэл ам дагуулдаг байсан бол тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг хөнгөвчлөх үүднээс тус төвийг байгуулж байна.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “ Бид барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудад үзүүлдэг төрийн үйлчилгээг шуурхай болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд барилгын  ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлийг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүллээ.

Өмнө нь зөвшөөрөл авахад давхардсан тоогоор 120-иод албан тушаалтны гарын үсэг цуглуулж, 150-200 хоног зарцуулдаг байсан бол одоо 40 хоногийн дотор авах боломжтой. Цаашид  нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан инженер техникийн ажилчдын мэдээллийн нэгдсэн сантай болж, онлайн хэлбэрээр зөвшөөрөл өгч, улам шуурхай ажиллана.

Энэ нь барилгын салбарын ажил ид ундардаг улиралд зөвшөөрлөө хурдан авч, үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулах боломж бүрдүүлж байгаа юм”  гэж хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш